Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж ном хурж, зул өргөнө


7 жил

Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүх анги давхаргыг хамран өргөн хүрээнд өрнөсөн 80 дахь жил энэ онд тохиож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 19 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18 мянга гаруй иргэнд 16.4 тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 208 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, нийт 357 иргэнд 3,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.

Энэ онд 80 дахь жил тохиож байгаатай холбоотойгоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хэд хэдэн ажил төлөвлөсөн байна.

Тухайлбал, энэ сарын 20-30-ны өдрүүдэд 330 сум, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт ярилцлагыг зохион байгуулах юм байна.

Есдүгээр сарын 6-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гандан хийдэд ном хурж, зул өргөн, Улс төрийн хэлмэгдүүлэлт сэдэвт үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд гаргах бол есдүгээр сарын 7-ны өдөр “Улс төрийн хэлмэгдүүлэлт”: шалтгаан, үр дагавар, сургамж олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах юм байна.

Мөн есдүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө, Сонгинохайрхан уулан дахь хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх” ёслолын арга хэмжээг зохион байгуулах аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү