Унгар улсад эх орноо сурталчиллаа


7 жил

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-үүдийн хүрээнд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам 8 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд Унгар улсын Бугац, Теглаш, Дэбрэцэн, Будапешт хотуудад ажиллалаа.

Унгар Улсын Бугац хотод 2017 оны 8 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд уламжлал болгон зохиогддог Нүүдэлчдийн наадамд оролцлоо.

Уг арга хэмжээнд нүүдэлчин ард түмнүүдийн соёл иргэншил, өв уламжлалыг сурталчилдаг төдийгүй гар урлал, нүүдэлчдийн хэв маяг бүхий бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагддаг бөгөөд энэ жил “Өвөг дээдсийн өдөр” нэрийн дор зохиогдож 50 гаруй мянган зочид, жуулчид ирж сонирхлоо.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас уг арга хэмжээнд монгол үндэсний 2 гэр барьж, түүх дурсгалын зүйлс, уламжлалт тоглоом наадгай, идээ будааг танилцуулж, Элчин сайд Монголын нүүдэлчин ард түмний аж амьдралын онцлог байдлын тухай илтгэлүүдийг тавилаа.

8 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Унгар улсын Теглаш хотод Уламжлалт нум сум харвааны аварга шалгаруулах олон улсын тэмцээн, 8 дугаар сарын 20-ны өдөр Дэбрэцэн хотод уламжлал болгон зохион байгуулагддаг Цэцгийн фестивальд Уламжлалт нум сум харвааны үзүүлбэр тоглолтод Монголоос нум сум харвааны тамирчин Х.Даваажаргал, А.Дагзмаа, Д.Цэцэгмаа, Р.Намуун нар ирж оролцов. 8 дугаар сарын 20-ны өдөр Дэбрэцэн хотын цэцэрлэгт хүрээлэнд Монгол дэмжигчдийн хамт Монголоос нум сум харвааны үзүүлэх тоглолтыг хийлээ.

Дээрх арга хэмжээнүүд нь жил бүр уламжлал болгон зохиогдох бөгөөд Унгарын зохион байгуулагч тал, Монголоос ирсэн оролцогчид сэтгэл хангалуун байлаа.

Ирэх жил Монголын талаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцох боломжийн талаар ярилцахад Унгарын зүгээс бүрэн боломжоороо дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү