Аврах тусгай ангийн 50 жилийн ой тохиож байна


7 жил

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Тус ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ Аврах тусгай ангид болж байгаа бөгөөд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх оролцож буй.

Үүнд баярын ёслолын жагсаал, аврах ажиллагаа, шүхэрчдийн үзүүлэх тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт, баярын хурал, хүндэтгэлийн урлагийн тоглолт болох аж.

Сонирхуулахад анх 1967 оноос манай улсын тэргүүлэх зэрэглэлийн бүтэц байсан төмөр замын бүтээн байгуулалтанд гар бие оролцож, Ардын армийн төмөр замын тусгай батальоноос Аврах тусгай анги хүртэлх түүхэн замналыг туулахдаа тус ангийн албан хаагчид техникийн холбогдолтой осол, үер, цацраг, химийн хордолт, гоц халдварт өвчин, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг, ослын хөнөөлийн голомтод амь биеэ үл хайрлан зүтгэж ирсэн билээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд тус ангийн албан хаагч 200 гаруй иргэний амь нас, төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зургаан тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна.

Өнөөдөр ч тус ангийн албан хаагчид Төв, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар бүгчим халуун, байгалийн хүнд бэрх нөхцөлд өдөр, шөнөгүй ажиллаж байгаль, эх дэлхийгээ авран хамгаалахаар ажиллаж буй.

Тусгай ангийн аврагчид Япон Улсад болсон цунами, ОХУ-д дэгдсэн их түймрийн голомтод ажиллаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол оролцдог болсон нь Монголын аврагчид олон улсад үүрэг гүйцэтгэх чадвартай гэдгийг хэдийнэ харуулж чадсан юм.

Онцгой байдлын албаны албан хаагчид 2012 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, энэ хугацаанд 240 гаруй албан хаагч олон улсад үүрэг гүйцэтгэсэний 46 нь Аврах тусгай ангийн албан хаагчид юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү