УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 228 сая төгрөг зарцуулна


6 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн хугацааг товлолоо. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв. 

Чуулганаар нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Нөхөн сонгуульд 228 сая төгрөгийг зарцуулахаар төсөлд тусгажээ. 

О.Баасанхүү: Хайран мөнгө. Мөнгийг хэмнэх хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт, сонгогчдын тоогор нам мөнгө авдаг. Машинаар тоолохгүй бол энэ мөнгө хэрэглэхгүй. төрийн албан хаагчид ажлаас чөлөөлөгдөөд ажиллавал ийм мөнгө хэрэггүй. Хоёр дахь арга нь хар машинаар саналын хуудас тоолохгүй бол зардаөо гарахгүй.

Гуравдахь арга нь, жагсаалтаас дараагийн хүнийг оруулж болно.  Боловсон хүчнээ зөв сонгодоггүй 65-ынхны буруугаас болоод татварын мөнгөнөөс 228 сая төгрөг гаргах гээд байна. Ард түмэн буруугүй, дахин сонгуульд ийм мөнгө төлмөөргүй байна. Эсвэл боломжтой гишүүд нь тал талаасаа хандив цуглуулаад энэ мөнгийг гаргаад өгөөч ээ. 

Д.Лүндээжанцан, Харамсалтай юм. Сонгуулийн хуулийн дагуу явуулахаас аргагүй. Пропорцианаль тогтолцоотой үед арын хүнийг оруулж болж байсан. Сонгуулийн хуулийн өнөөгийн зохицуулалтаар тэгж болохгүй байна. Хоёрдугаар хэн дуртай нь чөлөөлөгдье гээд байвал яах вэ гэдэг асуудлыг олон хүн хэлж байна. Тэгэхээр хуулиа эргэн харах хэрэгтэй болж байна. УИХ-ын гишүүнээс татгалзах цөөхөн тохиолдол бий. Ерөнхийлөгчөөр сонгогдсон, эрүүл мэндийн гарцаагүй шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж болно гэв.

Гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүний нөхөн болон дахин сонгуулийн зардлыг санхүүжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн томъёоллоо санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Ийнхүү ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуулийг зохион байгуулахад Улсын төсвөөс 228 сая төгрөг зарцуулж, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. 
 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү