Арилжааны банкууд зөвхөн зээлийн шимтгэл, хураамжаар гэхэд жилдээ 40-50 тэрбумын цэвэр ашиг хийж байгаа


6 жил

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тэрээр, Иргэдийнхээ, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, эрэмблэх ёстой Монголбанк өнөөдөр арилжааны банкуудын лоббид автаж, нийгэмд хуурамч айдас хүйдэс бий болгох юм яриад сууж байгаа нь үнэхээр харамсалтай байлаа. 
Зүй нь зээлийн хүүг бууруулах, хүүгийн дээд хэмжээ тогтоох асуудал дээр манлайлж, үлгэрлэх ёстой юм. Гэтэл илт арилжааны банкуудын лоббигоор буруу зөрүү мэдээлэл өгч олон хүний амьдралд эерэг үр нөлөө үзүүлэх хуулийн төслийг унагаахад идэвхи зүтгэл гаргаж байгааг хараад харамслаа, гутарлаа. Зарим гишүүн илт ашиг сонирхлын зөрчлөөр асуудалд хандаж байх юм. Цаанаа олон тэрбумын хадгаламжтай хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх гээд байгааг ойлгож байна. Олон жил та бүхэн хэдэн тэрбумаар нь ашиг олсон, хагартлаа баяжсан. УИХ-ын гишүүн ч болоо. Одоо ард түмнээ жаахан ч гэсэн бодмоор юм. Юманд чинь бас хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү.
Миний хувьд банкуудын эсрэг яваад байгаа юм байхгүй шүү дээ. Иргэн, аж ахуйн нэгж банк гэсэн хоёр талыг аль аль нь ашигтай байх хувилбарыг л санал болгоод байгаа юм. 
Өнөөдөр банкны зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн зөрүү нь 14 хувь байна. Үүнийг дэлхийн жишигт нийцүүлж 2-4 хувьд хүргэдэггүй юмаа гэхэд ядаж найман хувьд хүргье гэсэн санаа.
Арилжааны банкууд зөвхөн зээлийн шимтгэл, хураамжаар гэхэд жилдээ 40-50 тэрбумын цэвэр ашиг хийж байгааг л ард иргэдийнхээ халаасанд үлдээе гэсэн санаа. Ипотекийн зээлээр чадан ядан орон сууцтай болж байгаа иргэдээсээ хүүг нь түрүүлж авах нэрийдлээр санхүүгийн луйвах хийж байгааг зогсооё. Иргэдээ нийтээр нь тав тухтай орчинд амьдруулъя, цаашилбал агаар, хөрсний бохирдлын асуудлаа шийдье л дээ. 
Тэглээ гээд банкны систем доголдохгүй, хямрахгүй. Жил бүр ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж, 100-150 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байгаа банкуудын олдог ашиг, авдаг цол гуншин шагналынх нь тоо л буурах байх. Үүнийг зөв менежмент, бизнесийн зөв бодлогоор нөхөөд гараад ирж болно. Дандаа төр, түмнийг сорж мөлжиж хөлжинө гэж юу байхав дээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү