Д.Баяндалай: Дархан бэр хадаг тавихад явах боломжтой

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

6 жил 13589

 Бид өмнө нь хүүхдийн нэр хайрлах, сэвлэг үргээх тухай ярилцаж байсан билээ. Тэгвэл уншигчдаас ирсэн хүсэлтийн дагуу бэр гуйх, хурим хийх талаар ярилцсан юм.  

-Нутаг нутгийн ёсноос хамаараад бэр гуйх ёс янз янз байдаг шүү дээ. Тэгвэл ерөнхий баримтлах хандлага нь юу вэ?

-Их төрийн доторхи бага төр гэмээнээ гэр бүл юм.  Хадаг тавих ёсноос урьтаад бэр гэх ойлголтоо мэддэг байх хэрэгтэй юм. Өмнө нь хүнтэй харилцаанд орж, амьдрал зохиож байгаагүй ариун догшин эмэгтэйг бэр гуйх ёс эрт дээр үеэс байсан юм. Бэр гуйх, ам дуулгах, сүй тавих зэрэг нь гурван өөр ойлголт юм. Харин бэр гуйхад явах ёстой хүмүүс нь ивээл жилтэй нагацууд /ээжийн талын/ байх ба гурван хүн луу цагаас хонь цагийн /үүрийн 7:40-13:40 / хооронд амжиж хадаг тавих сайн хэмээдэг.

- Одоогийн нийгэмд харилцаанд ороогүй мөн өмнө нь амьдрал зохиосон хүмүүс олон байгаа шүү дээ. Тэгвэл ийм тохиолдол яах вэ?

- Өмнө харилцаанд орж, амьдрал зохиосон бүсгүйтэй гэр бүл болж, амьдралаа холбох бол ам дуулган очих бөгөөд ам дуулгах ёс нь бэр гуйхтай адилхан. Хадаг яндар, хүндэтгэлийн бүхий л зүйлс байх ба манай хоёр хүүхэд амьдралаа холбох болсон учир бид та бүхэнд хэл дуулган, танилцаж яваа юм шүү хэмээхийг хэлнэ.

- Хүмүүс бэр гуйхад эмэгтэй хүмүүс явж болдоггүй гэдэг энэ талаар

- Эмэгтэй хүн явж болно. Гэхдээ нагацын талын буян заяа тэгширсэн нас суусан ивээл жилтэй эмэгтэй , мөн зөвхөн дархан бэр явах ёстой. Тэр тусмаа гурван хүү дараалан төрүүлсэн хүн бол маш сайн. Дархан бэрүүд  мөр гаргах, ууц даллах, бэргэн /хуримын гэрч/ болох эрхээ авдаг хүндэтгэлтэй юм шүү. Эрт дээр үед айлын эзэгтэй нар мөрөө гаргалгүй цайгаа чанаж дээжээ өргөж үлдэх нь чухал байсан одоо бол бүгд л гаргадаг болж. Ер нь гэрийн эзэн гаргачихсан байсан айл гэрийн мөр , зам тэгширлээ боллоо гэж үздэг.

- Хүмүүс ирсэн хүмүүсийг мөлхөж гартал нь уулгах, зан аашийг нь таних эсвэл өөрсдөө болсон гэх хүртэл нь архи, сархадаар дайлдаг хэмээдэг энэ ер ямар учиртай вэ?

- Энэ бол асар том тэнэглэл юм. Ёсондоо тухайн гэрийн өндөр настан болон эх эцэг, ах дүүсд /тухайн үед байх хүмүүст/ гар цайлгах бэлгийг өгч хадаг яндар тавьдаг. Харин ирсэн зочдыг идээ будаа, хоол ундны дээжээр дайлан гаргах ёс бий шүү. Тэр тусмаа хадаг яндартай цуг ирсэн архийг задлаж болохгүй хадгалах нь маш чухал бөгөөд сайн энергийг гэрт дагуулж байдаг. Архийг хэр удаан хадгална тэр тусмаа эм болно. Мөн боломж бололцоотой бол ирсэн хүмүүсийг хоосон гартай гаргадаггүй гэдэг.  Идээ цагааныхаа дээжийг амсуулах ч мөлхөж гаргах гэдэг нь зүйд нийцэхгүй хэт улайрсан зүйл юм.

- Бэр гуйхад заавал байх ёстой хүмүүс гэж бий юу? Зарим хүмүүс эцэг эх маань байхгүй гэх мэт олон зүйлс байдаг.

- Эмэг эх, өвөг , эцэг эх болон төрсөн эгч ахаас нь хүн байна.  Яг ойрын төрлийн хүмүүс гэсэн үг. Гэхдээ төрсөн гэрийн ойрын хүмүүс байхгүй бол өсгөсөн , хүндэтгэдэг хүмүүс байж болох юм.

- Харин хурим найрыг хүмүүс мичин жилд хийх хатуу хэмээдэг?

- Мичин жилд хурим хийх муу гэсэн юм байхгүй. Тэр тусмаа мичин жилд мэндэлсэн хүнээр угийн бичгийг хөтлүүлдэг, энэ жилд мэндэлсэн хүмүүс эрхэм сайн, мундаг хүмүүс төрдөг . Ер нь энэ мичин жилийн яриа өөр харь орны үеэс дэлгэрсэн бөгөөд эх орны минь үр сад, бидний замыг доройтуулах гэсэн бодлого байх гэж боддог. Хурим хийхэд бүх жил сайн, чухам өдөр судраа сайн олж хийх чухал юм.

- Хурим найраа хийсэн ч хурдан салдаг, гэр бүлийн хагарал их байдаг шүү дээ үүнийг гэрлэсэн өдөртөө хүмүүс их холбодог. Таны бодлоор

Маш зөв асуулт, хурдан салж сарниад байгаа хүмүүсийн хувьд өдрөө буруу харж хийснийх. Үүнийг би Төгсбуянт зурхайтай холбоотой гэж үздэг. 1746 онд Манжийн Хаан, Дашбалбар хэмээх хүнд Монголын хамгийн муу өдрийг олж идээ будааны цагаалга хийлгэ гэж тушаасан энэ өдрийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болгосон.  Энэ хийсэн муу зүйл нь одоо ч мэдэгддэг . НАСА-аас гарч буй азийн шинийн нэгэнд азийн бүх орнууд баяраа тэмдэглэдэг гэтэл бид зөрж нэг сарын хойно хаврын дунд сард хийж байна. Энэ асуудлыг төрийн тэргүүн, сайд ноёд, мэдэх өндөр настангууд ч ховор болж. Иймээс л бид ийм их баялагтай оронд ядуу байгаа шүү дээ.

-Хурим найрыг иэхвчлэн намар хийдэг яагаад заавал энэ үед хийх нь тохиромжтой гэлцдэг вэ?

- Намар цаг чинь бүх юм боловсорч, үр тэжээлээ өгөхөд бэлэн болсон сар. Мөн энэ үед аль хүйсийн хүн биеэ цэвэршүүлж, бүх бохир мэдээллээ гаргадаг. Бие сэтгэл , хэл гурав цэвэршсэн энэ цагт хийх нь өлзий сайн юм.  Тэр тусмаа зуны гурван сар дамнан биений юм ирж дууссан эмэгтэй хүний бие ариусч цэвэрлэгдэн сайн үйлийг /хүүхэдтэй болох, хурим найр/ хийхэд маш сайн тохиромжтой болдог. Мөн хавар өвлийн цагт үсний найрыг хийх нь  тийм ч тохиромжтой биш.  Сэвлэг үргээнэ гэдэг нь “Ээжийн мэдээллийн сангаас сав шим ертөнцийн мэдээллийг холбуулж өгөх дом” юм.

 

    Ярилцлаганд тусгагдаагүй нарийн зүйлсийн талаар та  “Үрийн зурхай” хэмээх Мөнх-Очирийн эмхэтгэсэн номноос бэр гуйх талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, ашиглаарай.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү