Рафаел Орефис: Улаанбаатарын шинэ барилгуудыг харахад танд урамтай байдаг уу?

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил 4602

Манай Хүмүүс булангийн энэ удаагийн зочноор Италийн Термигас компаний Монгол дахь захирал, архитектор, иргэний инженер Рафаел Орефистой хийсэн ярилцлагын сүүлийн хэсгээс хүргэж байна. Энэ хэсэгтээ бид дэлхийн архитектор, Ангараг гариг дээрх архитектор зэрэг сэдвээр ярилцлаа.

-Барууны архитекторуудад тулгараад байгаа гол асуудал юу вэ?

-Энэ асуултанд би хоёр хариулт өгье. Нэг нь архитектурын ерөнхий асуудал. Архитекторуудын хувьд Азийн шинээр хөгжиж буй тив учраас ажиллахад амар байдаг. Хөгжүүлэх шинэ хоттой. Бараг хаа сайгүй эдийн засаг хөдөлгөөнтэй байгаа учраас шинэ архитектур, төлөвлөлт хэрэгтэй. Тэгэхээр маш сорилттой. Эдийн засаг нь архитекторын хэрэгцээтэй байдаг.

 Барууны улсуудад тийм олон архитектор хэрэггүй.  Аль хэдийн эдийн засгаа байгуулсан, хотоо бариад дуусгасан учраас шинэ барилга, шинэ хот бараг хэрэггүй. Тэгэхээр Европын архитектурыг дуусгасан гэхдээ сайжруулах хэрэгтэй дизайн гэж ойлгож болно.

Азийн хувьд цагаан цаастай адил. Тиймээс нойлоос эхлэн дизайн гаргах хэрэгтэй. Европт жижигхэн төсөлд, Азид шинэ төсөлд ажилладаг учраас маш сорилттой, маш гоё туршлага болж өгдөг. Энэ бол миний Азид ажиллах дуртай шалтгаан. Гэхдээ гол нь бүх юм нь цаас байгаа учрааас архитекторууд маш хурдан ажиллах шаардлагатай. Тэгэхээр Азийн архитекторуудад заримдаа бас бодох хугацаа байхгүй. Тиймээс дэлхийн архитектурыг харж байгаад копиддог.

Харин Европт хугацаа их байдаг учраас маш болгоомжтой боддог, шинжлэх ажилд хугацаа зарцуулна. Энэ л шинжилж, анализдах хугацаа Азид дутагддаг.

Бид Италийн дизайн гэж ярьсан даа. Итали дизайн гэдгээр бид Хятад эсвэл Солонгосын архитекторуудыг бодвол илүү удаан хугацаа зарцуулдаг аргыг нэрлэж болно.

Барууны архитектурт аль хэдийн баригдсан хотыг бодолцох хэрэгтэй болдог. Бид аль хэдийн оршин буй асуудалтай ажиллах болдог. Бид шинэ барилгыг түүхэн барилгын хажууд яаж барих вэ гэдгийг боддог учраас илүү төвөгтэй. Дээрээс нь шалгалт явуулдаг маш олон инститүтүүд байгаа. Жишээлбэл, бид дизайнаа гаргахдаа маш их бичиг цаасны ажил хийж, олон инститүтүүдэд дизайнаа шалгуулдаг. Ганцхан инженер биш, архитектурын шалгалтын инститүт ч гэж байдаг. Зарим талаараа бид маш сайн шинжилдэг. Гэхдээ бас ингэх ч албатай.

-Социализмын үед Монгол гэлтгүй олон социалист улсууд  Грек, Ромын класик архитектураар барилга барьсан. Өнөөдөр ингэж архитектурын өмнөх үе рүү буцах боломжтой юу?

-Бид 21-р зуунд байна. Тийм учраас 21-р зууны архитектурыг гаргах хэрэгтэй. Грекийн архитектур бол ХТӨ. Бид шинэ барилгын загварыг гаргахдаа 21-р зууны, шинэ, контемпорари байдлаар бодох хэрэгтэй. Өмнө нь би танд хэлсэн. Хэдий архитектуруудад маш олон хэв маяг байгаа ч архитектур бол ганцхан урлаг биш. Петрувиусын хэлсэн шиг архитектурын гурав дахь бүрэлдэхүүн бол урлаг биш. Харин бүтэц ба хэрэглээний хослол. Гармони шиг. Гармони гэдэг бол хэв маяг биш. Тухайн газрын анализ. Яаж энэ төслийг баригдах газартайгаа нэгтгэх вэ гэдгийг бодох.

Архитектур бол ганцхан чимэглэл биш. Бүтэн барилгыг хамааруулна. Архитектур өнгөрсөн рүү харахын оронд ирээдүй рүү харах ёстой.

-MAD Architects архитектурын фирмийн захирал Ма Янсон архитекторууд өмнөх шигээ нийгэмд нөлөөлөх ёстой гэж хэлсэн байсан. Та үүнийг боломжтой гэж бодож байна уу? Эсвэл яаж нөлөөлөх юм бэ?

-Нөлөөлөх боломжтой байлгүй яахав. Нэгдүгээрт, архитектур өөрөө мессеж байж болно. Архитектур  мэдээлэл цуглуулах ажил учраас барилгыг баригдах газар, тэнд амьдрах хүмүүстэй сайн холбогдсон байлгах ёстой.

Италийн Венецийн Пиацца Сан Марко талбайд хамгийн өндөр хонхны цамхаг байсан. Венец өмнө нь Италийх биш, тусгаар байлаа. Тэр үед Венецчүүд өөрсдийгөө энэ хонхны цамхагаар Венец хүн гэж хэлдэг байв. Газар хөдлөлтийн улмаас цамхаг нурахад ахин барихаар болсон. Италичууд эвдэрсэн юмыг ахин барихдаа шинээр барьдаг.

Гэхдээ энэ хонхны цамхаг Венецийн идентитет учраас өмнөхөөр нь барьсан. Яагаад гэвэл хүмүүст энэ барилгын хэлбэр дүрс биш, илэрхийлэл нь урам зориг өгдөг байсан. Ирээдүйн архитектур ч гэсэн хүмүүст урам зориг болж, хүмүүс тэр барилгыг өөрсдийн нэг хэсэг, идентитет гэж бодох хэрэгтэй.  Тэгэхээр би танаас асууя. Танд Улаанбаатарын шинэ барилгуудыг харахад урамтай байдаг уу?

-Огт үгүй.

-Тэгвэл Шангрилла Молл таны нэг хэсэг, идентитет гэмээр  сэтгэгдэл төрдөг үү?

 

-Үгүй.

-Та харж байгаа биз. Шангрилла Молл бол дэлхийн хаанаас ч олох боломжтой барилга. Ганцхан Монголд гэлтгүй дэлхийн бусад хотуудад хүмүүст өгөх идентитет, урам зориг, хөдлөлийг бодох хэрэгтэй байгаа. Одоогийн байдлаар ийм зүйл ажиглагдахгүй байгаа. Blue Sky-ийн тухайд?

-Бас үгүй.

-Иймээс л архитектур хүмүүст нөлөөлөх боломжтой байх нь шүү дээ.

-Зарим архитекторууд аль хэдийн архитектурыг сансарт байгаагаар төсөөлөөд эхэлсэн. Тэгвэл таны хувьд Ангараг гариг дээр архитектурыг яаж төсөөлдөг вэ?

-Сонирхолтой асуулт байна. Миний их сургуулийн найз “Ангараг Гариг Дээрх Байшин” гэсэн төслөөр диссертац бичиж байлаа. Тэр хамгийн эхлээд “Хэн энэ байшинг хэрэглэх вэ?” гэдгээ бодсон. Тэгээд Ангараг гэж ямаршуу гариг вэ? Энэ тухай диссертацийн хамгийн эхний бүлгээ бичсэн байсан. Мэдээж хэн ч ямаршуу гариг гэдгийг мэдэхгүй шүү дээ. Ямартай ч Ангараг гаригийн байшингийн температурын тухай байлаа гэхэд дэлхийд 25 хэм бол Ангарагт өөр байх магадлалтай. Ангараг гаригт жорлонг ямар байлгах вэ? Мэдээж бид Гүггенхаймын музейг Ангарагт гаригт барьж чадахгүй. Бид эхлээд Ангараг гаригийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Мэдээж температур, таталцал гээд өөр байна биз. Ангараг гариг дээрх архитектур гэхээр их л хэцүү байна байх. Бид төсөөллөөсөө ч гадуур бодох хэрэгтэй болно. Тэгэхээр хамгийн эхлээд хэн хэрэглэх вэ, Ангараг ямар гариг вэ, тэнд ямар материал ашиглах вэ гэдгээ бодно доо.

-Одоо бид архитектурын ямар эринд байгаа вэ?

-Одоо архитектур өмнөхөөсөө төвөгтэй болсон. Одоо  интернет байгаа учраас бүх юм маш хурдтай гэсэн үг. Бүх юм маш тодорхой биш. Өнөөгийн архитектурын эринд нэр өгөхөд хэцүү, тодорхойлоход хүндрэлтэй болсон. Өмнө нь хэлж байсан шиг тауэртаа биш, барилгыг бусад юмстай яаж холбох вэ гэдгийг бодох хэрэгтэй вэ гэдэгтээ асуудал байгаа.

-Ингэхэд архитектор Франк Геригийн барилгуудыг анх харахад тухайн газраасаа хөндий бас сонин харагддаг. Франк Гери ер нь ямар төрлийн архитектор вэ?

-Франк Гери шиг архитекторууд маш азтай гэж би хэлнэ. Түүн шиг архитекторуудад байхгүй хотын нүүр царайг өөрчлөх даалгавар оноолгодог учраас анализ хийх шаардлагагүй байдаг.

Гүггенхаймын музей шиг. Энэ бол тухайн газрын симбол болсон барилга. Энэ музей бол хоттой хамааралгүй, контрасстай барилга. Мэдээж бүх архитектор тэдэн шиг биш. Архитекторуудын 99 хувь контекстоо бодох хэрэгтэй. Харин Франк Гери, Заха Хадид шиг архитекторууд хүссэнээ хийж болно. Би тэднийг өглөө сэрээл, нэг юм зураад, энийг төслөө болгоё гэж ярьдаг байх гэж боддог. Миний бодлло архитекторууд тэдэн шиг том архитектурын од шиг болохыг хүсэх хэрэггүй. Тэднээс өөр архитекторыг жишээгээ болгосон нь дээр байх.

Италид миний амьдардаг хотод Заха Хадидын шинэ галт тэрэгний буудлыг барьсан. Би үүнийг амжилттай төсөл гэж бодохгүй байгаа. Хөдөө барьсан барилга учраас очиход хэцүү. Ийм барилгууд маш үнэтэй байдаг. Хөрөнгө оруулах үйлчлэгч олох хэцүү. Материалуудыг тусгай үйлдвэрлэдэг компаниудаас авна.

 

Гүггенхаймын музей

-Таны хувьд архитектур гэж юу вэ?

-Хэдий Заха Хадид, Франк Гери миний дуртай архитектор биш ч тэдний барилгыг харах дуртай. Ганц номын зурагтай цааснаас харах биш, өөрийн гараар хүрч, үзэх хэрэгтэй. Гэхдээ надад архитектор нь хэн бэ, ямар хэв маягаар баригдсан бэ гэдэг нь биш ямар аргаар барьсан гэдэг илүү чухал байдаг.

-Архитектор хүний хувьд хайрцагны гадуур бодох гэдэг нь юуг хэлдэг вэ?

-Би танд тухайн газрыг сайн анализ хийх хэрэгтэй гэж хэлсэн дээ. Гэхдээ энэ дангаараа хангалтгүй. Бид бас хайрцагны гадуур бодох гэдгээр архитектор Улаанбаатарт амьдардаг иргэн та тэр барилгыг хараад урам зориг орон, сэтгэл сэргэж, миний хотыг сайхан болгож байна, би энэ барилгыг хараад бахархдаг гэж хэлүүлдэг болох гэсэн үг. Монголын иргэн та гадаадын хүмүүст “Би Улаанбаатараас ирсэн, манайд ийм барилга байдаг” гэж хэлүүлэх бол хайрцагны гадуур бодох. Тиймээс зөвхөн хайрцагны тухай эсвэл түүний зах зээл дээрх хэрэгцээг нь бодох биш тэр барилгад байх хүмүүст ямар нэг юм өгөх тухай бодно гэсэн үг.

 Жич: Өмнөх хувилбарт байсан Франк Врайтын Гүггенхаймын музейг Франк Геригийн Испанид баригдсан Гүггенхаймын музейн зөв зургаар солив

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Архитектор Б [103.9.90.xxx] 7 жил
Гүггенхамын музейн зургаа солиорой. Дээр байгаа нь Нью-Йорк хот дахь Фрэнк Ллойд Врайт архитекторын бүтээл. Яриад байгаа барилга нь Фрэнк О Гэригийн Испанийн Билбаод байдаг музей шүү.