Н.Энхтайван: Популист амлалтгүйгээр боловсруулсан нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог


4 жил 2184

Сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд ээлжит сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө боловсруулан, өнгөрсөн сарын 25-нд Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Ингэснээр аудит намуудын мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд заримыг нь буцаасан. Тэгвэл намууд мөрийн хөтөлбөрөө эргэн харж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хүргүүлснээр Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөрийг хуупьд нийцсэн гэж дүгнэлээ. Үүнтэй холбогдуулан МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.ЭНХТАЙВАНТАЙ ярилцлаа.
 
-МАН-ын мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хуульд нийцсэн гэж дүгнэлээ. Өмнө нь ямар шалтгаанаар буцаасан юм бэ?
 
-Үндэсний аудитын газар Төрийн аудитын тухай хуульд захирагддаг байгууллага. Энэ хуульд заасан шаардлагын дагуу МАН-аас боловсруулж өгсөн мөрийн хөтөлбөрт шинжилгээ хийгээд зарим заалт нь хуульд нийцэхгүй гэх дүгнэлтийг гаргасан. Тухайлбал, УИХ-ын тухай болон Төсвийн тогтвортой байдлын, Хөгжлийн бодпого төлөвлөлтийн тухай зэрэг хуульд нийцэхгуй учраас нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага тавьсан. Мөн мөрийн хөтөлбөрийн зарим заалтад тайлбар өгөхийг хүссэн юм. Нийт гурван хавсралтаар дээрх шаардлагуудыг тавьсны дагуу бид мөрийн хөтөлбөрөөс зарим заалтыг хасч, өөрчлөлт хийгээд Үндэсний аудитын газарт хүргүүлсний дагуу МАН-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
 
-Томоохон намуудын мөрийн хөтөлбөрийг аудитаас буцаасан нь олны анхаарлыг их татсан. Эрх барьж байгаа нам, төрийн бодлого тодорхойлж байгаа атлаа мөрийн хөтөлбөр нь яагаад холбогдох хууль, тогтоомжид нийцдэггүй юм бол гэх шүүмжлэл гарсан. Энэ тухайд та ямар тайлбар хийх вэ? 
 
-Аудитаас буцаасныг ямар нэг алдаа гэж харах шаардлагагүй. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол бодлогын баримт бичиг. Бодлогын баримт бичгийг санаагаараа биччихдэггүй, тодорхой тооцоо, судалгаанд үндэслэсэн байдаг. Үүнийг боловсруулахад алдаа гарсан гэж ойлгохоосоо илүү биднээс тайлбар, тодруулга авч мэдээлэл солилцсон гэж харж болно. Маш том бодлогын баримт бичгийг бэлдэж байгаа учраас зарим алдаа оноотой зүйл гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр зарим заалтыг амлалтын шинжтэй байна гэж аудит үзсэн. Тиймээс эдгээр заалтыг хуульд нийцүүлэх буюу илүү тодорхой болгохыг л шаардсан. Улс төрийн нам амлалт өгч болохгүй учраас бодлогын шинжтэй болгон найруулах шаардлага тавьсан. Түүнээс яг ч хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр буцаасан гэж ойлгож болохгүй. Мөрийн хөтөлбөр боловсруулахад хамгийн чухал зүйл нь санхүүгийн тооцоо байдаг.  Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гаднын зээл, тусламжаар санхүүжүүлнэ гэдэг заалт оруулсан байлаа гэхэд энэ нь амлалтын шинжтэй харагдах тал ч бий. Яг үнэндээ мөрийн хөтөлбөр хянаж байгаа хоёр аудитор бүгдийг нь мэдэхгүй шүү дээ.
 
 
 
Мөрийн хөтөлбөрт багтаасан заалт нь аль хуулийн, хэд дэх заалтад байгааг нарийвчлан цээжилсэн байна гэж байхгүй. Тийм учраас л харилцан мэдээлэл солилцож, эргээд засч залруулах тодруулах процесс өрнөсөн гэж ойлгох хэрэгтэй.
 
 
 
-Ямар заалтуудыг хуульд нийцүүлж тодруулах шаардлагатай гэж үзсэн юм бэ. Жишээ болгон хэлэх боломж бий юү?
 
-Мөрийн хөтөлбөрөөс буцаасан заалтуудыг нэгбүрчлэн ярих боломжгүй учраас тоймлож байгаа юм. Сонгуулийн сурталчилгааг эхлүүлснээс хойш намуудын мөрийн хөтөлбөр ил болох учиртай. Жишээ болгон нэг заалтыг хэлэхэд, бичил өрхийн бизнесийг дэмжиж, хүү болон барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт байсан. Энэ заалтад Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын дагуу өөрчлөлт оруулсан байх жишээтэй.
 
-МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлогийг товчхон дурдвал иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг дэмжих чиглэлд ямар заалт оруулсан бэ?
 
-Ер нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол түлхүүр нь эдийн засгийн чиглэлийн томоохон төслүүдийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх явдал. Үүнийг хэрэгжүүлснээр ажилгүйдэл, ядуурлын түвшин буурна. Улмаар дундаж орлоготой иргэдийн тоо олширч, эдийн засгийн боломж нь дээшилнэ гэсэн бодит тооцооллыг хийгээд байна. Манай намын мөрийн хөтөлбөрийн онцлог нь бага орлоготой иргэдийг дэмжиж, дунд түвшинд хүргэх. Дунд орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой бодлогын баримт бичиг гэж хэлж болно. Өнөөдөр нийгэмд хамгийн тулгамдсан асуудал нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх явдал. Түүний тулд бага орлоготой иргэдийг төрийн бодлогоор дэмжих, нийгмийн тэгш бус байдлыг арилгах зайлшгүй шаардлага байна. Манай намын мөрийн хөтөлбөрийн онцлогийг ерөнхийд нь ингэж ойлгож болно. Мөрийн хөтөлбөр боловсруулахад бид үндсэндээ зургаан зарчмыг гол болгосон. Нэгдүгээрт, ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох. Үүний хүрээнд бүх түвшинд буюу төрийн бус байгууллага, олон нийт, иргэдийн саналыг авсан. Хоёрдугаарт, мөрийн хөтөлбөр үнэн байх ёстой буюу популист амлалтгүй байхыг чухалчилсан.Гуравдугаарт, мөрийн хөтөлбөрийг шинжпэх ухаанд суурилан боловсруулах. Дөрөвдүгээрт, хамгийн түрүүнд иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зарчмаа болгосон. Үүний хүрээнд ажилгүйдэл төдийгүй орон сууцжуулах асуудлыг төрийн бодлогод оруулах. Тавдугаарт, учирч болзошгүй эрсдэлийг маш нарийн тооцоолсон. Жишээлбэл, өнөөдрийн байдлаар коронавирус дэлхий нийтэдэрсдэл дагуулчихаад байна шүү дээ. Зургаадугаарт, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн бүрэн бүтэн байдлыг бүхэлд нь авч үзсэний үндсэн дээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.
 
-Иргэдийн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой заалтыг нам бүр мөрийн хөтөлбөрөө оруулсан байсан. Танай намын хувьд дундаж цалинг хоёр саяд хүргэнэ гэж тусгасан. Энэ хэр боломжтой заалт вэ?
 
-Улс төрийн намууд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт цалинг нэмэгдүүлэхээс гадна үнэгүй орон сууц олгоно гэж хүртэл оруулсан. Үүнээс гадна маш олон популист амлалтыг баггаасан. МАН-ын хувьд бодит, тооцоо судалгааны үндсэн дээр тодорхой заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тухайлбал, дундаж цалинг хоёр саяд хүргэх заалт. МАН 2016-2020 онд эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд цалинг бодитой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар иргэдийн дундаж цалин 1.2 саяд дөхөж байна. Тиймээс ирэх дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт болон инфляцтай уялдуулаад дундаж цалинг нэмэх бүрэн боломжтой гэсэн тооцоо гарсан. Үүнд үндэслээд дундаж цалинг нэмэгдүүлэх заалтыг бид мөрийн хөтөлбөртөө тусгасан.
 
-Иргэдийг орон сууцжуулахтай холбоотой заалтыг ч мөн нам тус бүр мөрийн хөтөлбөртөө оруулсан. Жишээлбэл, МАХН-ын зүгээс иргэдэд үнэгүй байр олгохоо илэрхийлсэн. Харин танай намын хувьд НДШ төлдөг иргэн бүрийг орон сууцжуулах хувилбарыг санал болгосон. Энэ заалтыг жишээлбэл, Үндэсний аудитын газар хэрхэн хүлээн авсан бэ, хуульд нийцсэн үү?
 
-Иргэдэд үнэгүй орон сууц олгоно гэдэг нь ерөөсөө боломжгүй зүйл шүү дээ. Харин иргэдээ орон сууцтай болгох бодлогыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж ойлгож болно. Гагцхүү үүнийг ямар арга замаар шийдэх вэ гэдэг чухал. Тиймээс МАН-ын зүгээс хуримтлалын нэгдсэн сан гэдэг даатгалын цоо шинэ системийг бий болгох бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл. даатгалын сангаар дамжуулан иргэд орон сууцанд орохдоо урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэх юм. Энэ бол дэлхийн хэд хэдэн оронд туршсан бодлого бөгөөд амжилтад хүрсэг загвар. Тухайлбал, өнөөдөр Сингапур улсын нийт иргэдийн 98 хувь нь орон сууцанд амьдарч байна. Тус улсын туршлагад үндэслээд Монгол Улс иргэдээ орон сууцжуулах боломж байна гэдгийг бид судалсан. Энэ заалтыг үнэ төлбөргүйгээр орон сууц олгох бусад намын заалттай адилтгаж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр даатгалын сангаараа дамжуулаад урьдчилгаа төлбөр өгөлгүйгээр ипотекийн зээлд хамрагдан, орон сууцтай болох боломжийг төрөөс бүрдүүлж өгнө л гэсэн үг. Нөгөө талаараа иргэдийн нийгмийн даатгал төлөх хариуцлагыг нэмэгдүүлж буйн нэг хэлбэр гэж ойлгож болно.
 
-Энэ тухайд нарийвчилсан тооцоо, судалгааг хийсэн үү. Жишээлбэл, хэрвээ энэ заалтыг хэрэгжүүлэхэд хүрвэл Монголбанк төдийгүй арилжааны банкууд гээд хамтын оролцоотой байж таарах байх?
 
-Юуны өмнө энэ бол цоо шинэ бодлого. Давхар даатгалын систем. Мэдээж энэ бодлогыг хэрэгжүүлэхэд УИХ-аас гадна Монголбанк болон арилжааны банкууд, улсын төсөв зэрэгт шууд хамааралтай. Олон талын уялдаа холбооны үндсэн дээр энэ бодлогыг хэрэгжүүлэх шаардлага үүсч таарна.
 
 
 
Хамгийн гол нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр байранд ордог, орох эрх нь нээлттэй байдаг боломжийг бүрдүүлэх нь бидний зорилго. Өнөөдөр манай улсад орон сууцанд орж, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг ч урьдчилгаа төлбөрт тулаад гацдаг тохиолдол олон.
 
 
 
Тиймээс нэгэнт улсад ажил хийгээд нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдэд элдэв босго тавилгүйгээр орон сууцанд орох боломжийг нээх гээд байгаа юм. Заавал урьдчилгаа төлбөр 20-30 хувийг шаардахгүй нь байна шүү дээ. Нэг гэр бүлийн хоёр хоёулаа нийгмийн даатгал төлдөг атлаа орон сууцанд орох гэхээр урьдчилгаа төлбөр дээр гацдаг байдал нийтлэг байна. Ийм байдалд л гарц нээх зорилготой бодлого юм.
 
-Банкны салбарын шинэчлэлийн талаар УИХ-аар яриад эхэлсэн. Үүний хүрээнд зээлийн хүүг бууруулахтай холбоотой тооцоо, судалгааг хийж эхэлсэн гэсэн. Аливаа зээлийн хүү дэлхийд байхгүй өндөрт тооцогддог манай улсын хувьд бууруулах талаар ярьж эхэлсэн нь олны анхааралд байх шиг байна. Энэ тухайд мөрийн хөтөлбөрт тусгасан заалт бий юү?
 
-Зээлийн хүүг бууруулахтай холбоотой бодитой заалт бий. Зээлийн хүүг өнөөдрийн түвшингээс нэлээд багасгах бүрэн боломжтой гэж бид үзсэн. Нарийвчилсан тоог хэлэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар банкны зээлийн хүүг бууруулах тухайд УИХ-ын түвшиндхэлэлцээд эхэлсэн. Ингэснээр холбогдох хуулийг мөрдөөд эхэлбэл МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан заалтыг хэрэгжүүлэх боломж хууль эрх зүйн хүрээнд бүрдэнэ гэж ойлгож болно.
 
Ерөөсөө зээлийн хүүг бууруулахгүйгээр эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй.
 
-Эдийн засгийг төрийн бодлогоор дэмжих зайлшгүй нөхцөл байдал үүсчихлээ. Одоо Засгийн газрыг тэргүүлж байгаа МАН ирэх жилүүдэд энэ байр сууриа хадгалж үлдвэл эдийн засагт чиглэсэн ямар бодлого баримтлах вэ?
 
-Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээс хойш дэлхий нийтийн эдийн засаг буурах хандлагатай болж эхэлсэн. ОУВС болон Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд буурна гэж үзсэн. Хэдийгээр ийм том эрсдэл үүсэж байгаа ч бид үүнийг сөрж, тодорхой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд юу хийх талаар нарийвчилсан заалт, зохицуулалтыг тусгасан. Хамгийн түрүүнд иргэдийг ажил, орлоготой байлгах нь чухал. Үүний тулд бид тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой юм байна гэж үзсэн.
 
 
 
Бодит судалгаанд үндэслэсэн ул уурхайн чиглэлийн төсөл байгаа юм. Дэд бүтэц, тэр дундаа төмөр зам, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх томоохон заалтыг мөрийн хөтөлбөртөө багтаасан. Эдгээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн эргэлт сайжирч, ард иргэдийн ажил, амьдрал баталгаатай болж, амьжиргаа нь дээшилнэ.
 
 
 
Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эмч нарын цалинг дунджаар 66-76 хувиар нэмсэн байдаг. Багш нарынхыг дунджаар 55-65 хувиар нэмсэн байна. Энэ бол дөрвөн жилийн хугацааны дундаж дүн. Цаашдаа тэдний цалинг нэмэх зайлшгүй шаардлага байна. Тиймээс цалинг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг боломжийг бид олж харсан. Тухайлбал, мөрийн хөтөлбөрт тусгаснаар эмч, багш нарын цалинг жилд 12-13 хувиар нэмэгдүүлэх боломж байна гэсэн тооцоо байна. Үүнд үндэслээд эдгээр бүлгийнхний цалинг доод тал нь хоёр дахин нэмэгдүүлэх тооцоог хийгээд байна.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү