Г.Энхболд :МАН сайдын дамжаа хичээллүүлснээс өөр юу ч хийсэнгүй


4 сар 241

Баянгол дүүргийн АН-ын дарга, ИТХ-ын дарга Г.Энхболдтой ярилцлаа

-Та нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын даргаар сонгогдлоо. Өмнөх дарга нараасаа өөр зарчмаар ажиллах уу. Юу хийх вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?

Өмнөхөө үгүйсгэж, өөрийгөө дөвийлгөх нь миний хийх ажил биш ээ. Баянгол дүүргийн АН-ыг өмнөх дарга нар яаж авч явж байсан, ямар амжилтад хүргэснийг би дэргэдээс нь харж байсан хүн. Тиймээс хамтдаа эхлүүлсэн ажлуудаа хамтдаа дуусгана. Ахиж шинэ, шинэ зорилтууд дэвшүүлж, түүндээ хүрч ажиллана гэж бодож байна. Монгол өнөөдөр үнэт зүйл, үзэл баримтлалд тулгуурласан улс төрийн хүчнүүдээр цангаж байна шүү дээ. Энэ орон зайд үнэндээ АН л ганцаараа үлдлээ. Тэгэхээр байгаа орон зайгаа хумьчихгүй, тэлэх нь миний ажлын зорилго. Ер нь тэгээд ч Баянгол дүүргийн намын өмнөх удирдлагууд хариуцлага алдаад ажлаа өгөөд явсан хүмүүс биш. Нэг нь Төв намын даргаар сонгогдож, нөгөө нь Эмэгтэйчүүдийн холбооны дарга болоод явсан улсууд. Ажил нь урагштай, арга барил нь зөв байсан учраас л намын нийт гишүүд дэмжиж сонгосон хэрэг. Тиймдээ ч Баянгол дүүргийн намыг удирдах, ачаа үүрэх үүрэг хариуцлага над дээр ирсэн гэж бодож байна. 

-Тэгэхээр Баянгол дүүргийн АН-ыг хуучин зарчмаар нь удирдаад явна гэсэн үг үү?

Яг ч бас шууд тэгнэ, ингэнэ гээд махчилж ойлгож болохгүй л дээ. Манай дүүргийн нам шинэчлэгдэж, маш олон залуус удирдах албан тушаалд очсон. Эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдал ч сайн хангагдсан. Олон бүсгүй Баянгол дүүргийн АН-д эрчүүдтэйгээ хамт ачаа үүрэлцээд явж байна. Ер нь бол улс төрийн хүчнүүд, улс төрийн нам гэдэг олон ургальч үзлийн уралдаан байх ёстой. Тэгж байж тэндээс сайн бодлого, сайн шийдвэр гарна. Нам гэдэг намын даргаар сонгогдсон Г.Энхболдын өмч биш шүү дээ. Би тэгж л боддог, тиймдээ ч бүх насны төлөөллийг намын удирдах албан тушаалд тавьсан. Бас тэдэнтэйгээ гар нийлж ажиллаж байна. Ганц хоёрхон тоо баримт хэлье л дээ. Баянгол дүүргийн намын хорооны 80 хувь нь 35 хүртэлх насны шижигнэсэн залуус байна. ҮБХ-ны гишүүдийн мөн л 80 хувь нь яг тэр насныхан. Тэрэн дундаа ҮБХ-ны 60 хувь нь эмэгтэйчүүд гэхээр танд ямархуу дүр зураг бууж байна. Шийдвэр гаргах төвшиндөө Баянгол дүүргийн АН залуустаа илүүтэй боломж олгосон байгаа биз. Эмэгтэйчүүддээ ч бас итгэж, энэ намын бодлогын цөмд оруулж ирлээ. Одоо төв намын үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 161 нь 39-өөс дээш насныхан. Мөн нийт гишүүдийн гуравны нэгд нь жендерийн тэгш эрхтэйгээр эмэгтэйчүүд оролцож, орон нутгийн хүний нөөцийн 70-80 хувь нь шинэчлэгдээд байна. Ерөнхийдөө шат шатны намын байгууллагад залуус, эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ их өндөр байгаа.

-Дүүргийн намын тухайд ийм байж. Тэгвэл төв нам дотор ямар өөрчлөлт явж байна вэ. Намын шинэчлэлийн аян өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө?

 Өмнө нь манай нам ямар байсан гэхээр хэн нэг даргыг дагаж, бүлэг фракц болж талцаад, бүх асуудлыг бялуу хуваах маягаар шийдэж ирсэн. Бүгд л мэддэг байсан. Хэчнээн олон фракцтай, фракц бүр нь эрх ашигтай явж ирлээ. Одоо бол өөр болсон. АН хувь улстөрчийн үйл ажиллагаа, дур зоргийг хязгаарлаж, намын нэрээр, хамтын үнэт зүйл, нэгдсэн зорилгодоо тууштай байх сахилга баттай болж байна. Иргэд маань популист улстөрчдийн дунд төөрөх биш асуудлыг шийдэх шийдэлтэй, зарчим нь тодорхой, илүү үзэл баримтлалд тулгуурласан улс төрийн хүчнийг сонгох байх гэж харж байгаа. Ерөнхийдөө базаад хэлбэл, тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, хуулийн засаглал, хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн нам болох зам руугаа явж байна гэж харж байгаа.

 

-Төв намын бодлого, үйл ажиллагаанд та эерэг дүгнэлттэй яваа гэж ойлголоо. Гэвч АН-ын удирдлагууд “Эрдэнэт”-ийн 49 хувь, 60 тэрбумын хэргийг өмөөрч, хаацайлж байгаа нь нүдэнд ил байна шүү дээ. Хэчнээн доороос санаачилга гарч байгаа ч, дээрээ дарагдаад өнгөрөх нь байна ш дээ?

 -Хоёулаа бодит баримт ярья л даа. Түүнээс хардлага, таамаг бол хэрэггүй байх. АН-ын удирдлагууд яг бат “Эрдэнэт”-ийн 49 хувь, эсвэл 60 тэрбумын талд зогсоод байгаа юм байна уу?

 -Байгаа ш дээ.

 -Би арай өөр бодолтой явна. Тийм хүн АН-ын удирдлага дотор лав байхгүй. Харин АН-ын, ер нь ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим нь, үзэл баримтлал нь өөрөө хүний эрх, хувийн өмчийг хамгаалдаг юм. Төр нь өөрөө дээрэмчин байж болохгүй. Тэр өнцгөөс л манай намынхан асуудалд хандсан байх. Хууль, шүүхийн журмаар биш, хувь хүн дангаараа шийдвэр гаргаад, хүмүүсийг яллаад, барьж хориод байх нь зөв үү. Үгүй ш дээ. Энэ бол бидний байгуулсан, бэхжүүлэх гэж яваа нийгэм биш. Тиймээс л манай намынхан эсэргүүцсэн гэж ойлгож байгаа. Аливаа асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх, Үндсэн хууль болон бусад хуульд захирагдаж, хууль ёсыг дээдэлж ажиллахыг АН хэзээд, хэнээс ч шаардах болно. Хэрэв АН ардчиллаар олж авсан хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалж чадахгүй бол нэг намын дарангуйлал, нэг хэсэг хүний дарангуйлал тогтоход ойрхон ирээд байна шүү дээ.

-Өөрийнхнийгөө та ингэж үнэлдэг юм байж. Тэгвэл өрсөлдөгч МАН-ын бодлого, шийдвэрт ямархуу бодолтой яваа вэ. МАН-ын Засгийн газар, УИХ бүрэн эрхийнхээ талаас илүү хугацааг үдлээ. Одоо жил гаруйхан хугацааны дараа ээлжит сонгууль болно. Ирэх зургадугаар сард Хэнтийд нөхөн сонгуультай. Эрх барьж байгаа намын үйл ажиллагааг хэрхэн үнэлж байна?

-Сөрөг хүчин болохоор сөрөхийн тулд л сөрж ярьж байна гэж битгий бодоорой. Би бодит үнэнийг л хэлье. АН эрх барьсан он жилүүдэд арай ч ийм байсангүй ээ, Монгол Улс. Бид бүтээж, босгож, бас шинэчилж чадаж байсан. Харин Ардын нам өнгөрсөн гурван жилд үнэндээ огт ажил хийсэнгүй. Өнгөрсөн намрын чуулганыг хар л даа. УИХ-д 64 суудалтай бүдүүн бүлэг нь парламентыг гацааж, засаглалын хямрал руу орууллаа ш дээ. Сандал суудал, албан тушаалаа булаацалдсан энэ үйлдлийнх нь золиосонд эдийн засаг яаж хямрав. Зөвхөн долларын ханш л гэхэд хэдээр өсч, төгрөгийн буюу иргэдийн худалдан авах чадвар хэдэн хувиар унав гэдгийг бодоод үзээрэй. Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд орчихоод байхад МАН юу хийв. Гуравхан жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд 35 сайд сольж, УИХ-ын 28 гишүүн нь ээлжлэн төрийн сайд хийлээ. Ингэж сайдын дамжаа хичээллүүлснээс өөрөөр бол МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлсэнгүй. МАН-д намын бодлого нь бүрэн алга болж, эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийн сонирхол л үлджээ. Ер нь бол амласнаа эсрэгээр нь хийхээс л Ардын нам ажлаа эхэлсэн ш дээ. Долоон төрлийн татвар нэмж, зарим нь одоо ч хэвэндээ л байна.

-Гэхдээ томоохон бүтээн байгуулалт хийж эхлээд байгаа юм биш үү. Газрын тос боловсруулах үйлдвэр гээд дурдаж болж байна л даа.

Хийчихээд хийлээ гэдэг болохоос хийнэ нь гэж сурталчлаад бүтээн байгуулалт өөрөө босчихгүй ш дээ. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн тухайд миний санахын бараг дөрөв дэхээ шав тавьж байгаа байх шүү. Анх Сайншандад, тэгээд Дарханд гээд шав тавиад л байсан. Ер нь бол Ардын нам шав тавьдаг болохоос шавар зуурч, ажил хийдэггүй нам юм байна. Өнгөрсөн гурван жилд юу ч өөрчлөгдсөнгүй, ширхэг тоосго ч өрсөнгүй. Дандаа л ирээдүйд хийнэ гэж амлаж, шав тавьж шоудаж ирлээ. Иргэд харин үүнийг нь маш сайн мэдэж байгаа. 

 - Тэгвэл Баянгол дүүрэгт АН юу хийв. Энэ дүүрэгт бол эрх баригч нь танай нам шүү дээ?

 -Бид өөрсдийнхөө хэмжээнд эрүүл мэнд, боловсролын асуудалд онцгой анхаарч ажиллаж байгаа. Харамсалтай нь төрөөс, дээрээс ямар ч бодлого гарахгүй нь зовлонтой юм. Төр засаг нь олон солигдоод байхаар анхан шатандаа ч энэ нь их сөргөөр нөлөөлж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын сайд хэд солигдлоо доо. Бодоод үзээрэй. Нэг сайд гарч ирээд л нэг юм ярина, дараагийнх нь томилогдоод дахиад л өөрчилнө. Ганцхан жишээ хэлье. Бид өнгөрсөн 2012-2016 онд Баянгол дүүргийн бүх уулзвар, замыг шинээр барьж, зассан бол МАН эрх барьсан гурван жилд Зам тээврийн сайдаа гурван удаа сольсноос өөр юм хийсэнгүй.

 -Бүгдийг төрийн дээд шат руу нялзааж болохгүй байх аа. Хаа хаанаа л алдаа байгаа байлгүй?

 -Бодит байдлыг л би хэллээ. Буруутгах гэж буруутгаж, сөрөх гэж сөрсөнгүй. Гэхдээ МАН ажил хийсэнгүй гээд АН гар хумхиад суусан гэж ойлгож болохгүй юм. Баянгол дүүрэгт бид чадлаараа, дүүргийнхээ иргэдтэйгээ хамтарч, тэднийхээ санал хүсэлтэд тулгуурлаж бүтээн байгуулалт өрнүүлж байна. Өнгөрсөн онд гэхэд ахмадууддаа зориулсан эмнэлэг, ордон барилаа. Хүүхэд багачууддаа зориулсан “Баянгол” хүүхдийн зуслантай болсон. Залуустаа зориулж хуримын ордон босгосон. Нийгмийн шинжтэй эдгээр бүтээн байгуулалтаас гадна “Баянгол-Агропарк”-ийг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах маш том төвийг бүтээн босгоод байна. Энэ бол томоос нь дурдсан бүтээн байгуулалт. Үүнээс өөр олон ажил хийснийг манай дүүргийн иргэд маш сайн мэдэж байгаа.

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү