Д.Хаянхярваа: Манайх шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй


5 жил 2403

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр гурван асуудал хэлэлцжээ. 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр гурван асуудал хэлэлцжээ. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн учраас бүлгээс ажлын хэсэг гарч ажилахаар болсон байна. Түүнчлэн УИХ-ын 42 тойрогтой холбоотой парламентаас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ. Үүний дараа Ерөнхий сайд Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан байна. Мэдээллийн дараа тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зам тээвэр хөгжлийн сайдыг УИХ дотроос байх уу. Таныг сайд болно гэх юм. Энэ үнэн үү?

-МАН-ын Удирдах зөвлөлөөр хэнийг томилох талаар ярилцана. Зам тээвэр, хөгжлийн сайдыг энэ долоо хоногт чөлөөлнө. Өөрөө өргөдлөө өгсөн учраас шийдээд явна. Улстөрч хүн улс төрийн хариуцлагаа хүлээе гэж байгаа учраас энэ дагуу шийдээд явна. Энэ бол цэвэр улс төрийн хариуцлагын асуудал.Зам тээвэр хөгжлийн сайдыг тэндээс эндээс томилно гэсэн асуудал бүлгийн хурлаар яригдаагүй. Би Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллахгүй.  

-Одоогийн бүх алдаа системийн хямралтай холбоотой. Энэ тухайд?

-Системийн хямралыг хайвал 27 жилийн түүхийг эргэж харах хэрэгтэй байх. Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбоотойгоор засч залруулах зүйл бий. Ажлын хариуцлага ярьж байгаа үед аливаа асуудлыг шийдэхдээ зөв шийдэх үү, улс төрөө харж шийдэх үү гэдгээ харах ёстой. Гол алдаа системдээ биш улстөрчдөдөө байна.

-Сонгуулийн тухай хуульд намрын чуулганаар өөрчлөлт оруулна. Ямар өөрчлөлт байх юм бэ?

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхийлөгчийн, орон нутаг, УИХ-ын сонгуулийг салангид хуулиар явуулна. Сонгуулийн тогтолцоог бас ярилцана.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2024 оноос хэрэгжүүлэхээр ярьж байна. Хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай санал асуулга явуулсан. Давхардсан тоогоор сая гаруй хүний санал иржээ. Тодорхой саналууд ирээд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Хуулийн өөрчлөлтийг хэдийд хэлэлцэх вэ гэдгийг ярилцах ёстой байх. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд явж байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр өнгөрсөн хугацаанд 40 гаруй хуульд өөрчлөлт оруулж байжээ. Аливаа асуудалд хандахдаа улсын эрх ашгийн төлөө нэн түрүүнд шийдвэр гаргах хэрэгтэй. Манайх шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй гэж үздэг. Энэ бол дарангуйллыг бий болгоно гэж би хувь хүнийхээ хувьд үзэж байна.

-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэж амжих уу?

-Намуудын санхүүжилт ямар байх вэ гэдгийг тодорхой болгоно. Нийгэмд өнөөдөр хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл бол улс төрийн нам болжээ. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгох ёстой. Тэр утгаараа энэ хуулийн төсөлд маш нухацтай хандаж, ажиллана.  


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү