Мянган пянзны олз


1 жил 1737

АНУ-ын зах зээлд сонирхолтой чиг хандлагууд ажиглагдах болов.CD бичлэгийн зах зээл уналттай байгаа бол зөрөөд Digital хөгжмийн зах зээл амжилттай нэмэгдэж байна. Тэгвэл үүнтэй зэрэгцээд хуучны LP буюу пянзны зах зээл нэмэгдэж эхэлжээ. LP (Long Play) буюу пянз нь аналог хэлбэрээр дуу хөгжмийг бичдэг, дуугаралт нь маш цэвэрхэн, амьд сонсогддог тул хүмүүс эргээд энэ хэлбэр рүү татагдаж эхэлж байгаа гэнэ.

Монголын чиг хандлага ч мөн адил эргэж байгаагийн нэгэн тод жишээ “Дунд гол” нэрээр алдаршаад байгаа монголын хамгийн анхны пянзны дэлгүүр юм.

Та бүхэндээ  пянзны дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Батболдтой уулзуулъя.

Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа.Чамд ч бас энэ өдрийн мэнд

Танай дэлгүүрийн үүдэн дээр ирэхэд л сонирхол татахуйц их өвөрмөц шийдэлтэй юм.Та өөрөө дэлгүүрийнхээ дизайныг гаргасан уу?

-Аан үгүй дээ.Гадаа хаалгыг Энхболд гээд найз маань хийсэн юм.Харин хананы зургийг Австралид байдаг Монголын уран бүтээлч Хээско Хоснаран гэдэг хүн зурсан.Дотор заслыг дизайнер Энэрэл гээд охин гаргасан байгаа.

Үнэхээр өвөрмөц шийдлийг бүрдүүлж чаджээ.Та яагаад пянзны дэлгүүр нээх болсон бэ?

-Хөгжим бүжгийн коллежийн агуулахаас нэг эгч баахан пянз хаях гэж байхыг хараад, очоод “Та хаях гэж байгаа бол надад өгчих” гээд л нэг дор 1000 пянзтай болчихсон.Тэгээд л авсан пянзнуудаараа хүүхдийн номын ордонд дэлгүүр нээсэндээ.Гэхдээ хүмүүст худалдахаас илүү хүмүүсээс худалдаж авдаг байсан.

 

Одоо таны пянзны тоо хэдий орчим байгаа вэ?

Одоогоор 4500 гаруй пянзтай. Ерөнхийдөө Монголд орж ирсэн бүх пянз энд цугларсан гэхэд болно.Түүх хадгалагдаж байна ч гэж хэлж болох юм.

Танай дэлгүүрээр хэр их хүн үйлчлүүлж байна?

Ер нь  монгол хүмүүсээс илүү гадаад хүмүүс илүү хайж сураглаж ирдэг.Япон хүмүүс өөрсдийнхөө эртний пянзнуудаа ирж авах тохиолдол гардаг.Саяхан хэд хоногийн өмнө нэг Австрали нөхөр “пянз ирж авна” гээд зурвас бичиж байсан.

Харин монгол залуус маань ихэвчлэн хит болсон орчин үеийн, хүн бүрийн мэддэг дуучдын пянзыг асуудаг. Миний бодлоор мэдэхгүй дуучны  янз бүрийн пянз авч сонссоноор шинийг мэдэж, өөртөө шинэ нээлт хийх боломж гарч ирдэг.

Яагаад дэлгүүрээ “Дунд Гол” гэж нэрлэсэн юм бэ?

Манай гэр 19 дүгээр хорооллын тэнд дунд голын ойролцоо байдаг юм.Хотын голоор урсаж байгаа энэ сайхан голоо битгий устаж ширгээсээ гэж хүссэндээ өгсөн гэх үү дээ.Одоо ч бараг тэгээд ширгээд алга болж байна уу даа.

 Их гоё бэлгэдэлтэй юм.Танайх пянзнуудаа хэдэн төгрөгөөр худалдаалдаг вэ?

-Гучин мянган төгрөгөөр худалдаалдаг.

Пянз тоглуулагчийг үнэтэй байдаг гэж сонссон юм байна.

-Ер нь үнэтэй байдаг.Гучин доллароос Гурчин мянган доллар хүртэл байдаг.

Ер нь пянзнууд хэлбэр хийцийнхээ хувьд ялгаатай байдаг уу?

-Том жижиг, зузаан нимгэн, хурдан удаан, хийц, материал гээд өөр хоорондоо ялгаатай байдаг.Жишээ нь хэмжээний хувьд 12,10,7 инч гэх мэтчилэн хэмжээтээ байна.Том жижгээсээ хамаараад доторх дууны багтаамж нь хүртэл харилцан адилгүй байдаг.

Ихэнх хүмүүс пянзанд зөвхөн дуу бичигдсэн байдаг гэж ойлгодог.Тэгвэл дуунаас өөр авиа хуулах боломж байдаг юм болов уу?

-Мэдээж байлгүй яахав.Пянзанд гарч болох авиа бүрийг хуулж болно.Жишээ нь:  Англи хэлний хичээл, шүлэг, хүмүүсийн яриа, байгалийн чимээ гээд маш олон дуу авиа бичигдсэн пянзнууд зөндөө бий.

Хөөх.Англи хэлний хичээл хүртэл байдаг гэж үү?

-Тиймээ.Англи хэлний дүрмийн ярианы гээд номтойгоо хүртэл хамт байдаг.

Дэлгүүр болон пянзны талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.Танд залууст зөвлөж хэлэх үг байна уу?

-Залуустаа зөвлөхөд мэддэг хамтлаг, дуу сонсохоос илүү олон төрлийн өөрийнхөө мэддэггүй шинэ соргог дууг сонсож өөртөө боломж, нээлт хийж байгаарай гэж зөвлөмөөр байна.Учир дуу хөгжим, мэдэхгүй олон зүйлийг мэдсэнээр мэдлэг нэмэгдэж байдаг.

Баярлалаа.Танд ажлын өндөр амжилт хүсэе.

 

Сэтгүүлч: Н.Мөнхзаяа 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү