Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүрэгт ажиллалаа


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төв, ерөнхий боловсролын “Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль, 15 дугаар хороо, Дамбадаржаа, 58 дугаар сургуулийн орчимд хийгдэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайн үйл ажиллагаа (Сэлбэ коллектор)-тай танилцаж, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзан, санал хүсэлтийг сонслоо. Хотын даргыг дүүрэгт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Г.Цогзолмаа болон НИХТ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар, О.Мөнгөншагай нар хамт явсан юм.

Ажлын хэсэг хамгийн түрүүнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт очив. Дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон холбогдох албаныхан хотын даргал үйл ажиллагаагаа танилцуулсан. Тус дүүргийн Тамгын газрын дарга Н.Энхболд ““Дэвжин дээшлэх Сүхбаатар” хөтөлбөрийн “Иргэндээ үйлчлэх Сүхбаатар дүүрэг” зорилтын хүрээнд 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн Засаг дарга, Засаг даргын орлогч, зөвлөх нараар ахлуулан 2 чиглэлд хөдөлгөөнт оффисбайгуулагдаж 1-9, 10-20 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулж, газар дээр нь шийдвэрлэх боломжтой асуудлуудыг шийдвэрлэж, зарим асуудлыг тэмдэглэн авч, эргэн хариу өгөх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Дүүргийн хөрөнгө оруулалтаар 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, орны тоо 50-аар нэмэгдэж, 10 ажлын байр шинээр бий болж, урлаг заалтай болгосон” хэмээн онцлон танилцуулав.

Дүүргийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсан дараа хотын дарга “Сүхбаатар бол хотын нүүр царай болсон дүүрэг. Та бүхний ажиллах нөхцөл сайжирсан. Тиймээс та бүхэн ажилдаа хариуцлагатай, үр бүтээлтэй, манлайлан ажиллах учиртай” гэж хэллээ.

Эмнэлгийн хувьчлалын асуудлыг шийдэж өгөхийг хүслээ

Хотын дарга Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад тус эмнэлгийн дарга М.Чимгээ “Бид Сүхбаатар дүүргийн нийт 137029 хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Нийт 225  ажилтантай. Үүнээс их эмч 44, сувилагч, тусгай дунд мэргэжилтэн, туслах сувилагч 90, эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой 10, мэдээллийн технологийн инженер 1, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер 2, бусад дээд мэргэжилтэн 15, бусад 65 ажилтан тус тус ажиллаж байна. 14 жилийн  өмнө менежментийн хувьчлал явагдаж, энэ хугацаанд төсвөөс санхүүжилт авалгүй өөрсдийгөө бүрэн санхүүжүүлж ирсэн. Удирдлагын үйл ажиллагааны шинэчлэлийн үр дүнд хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг таатай орчинд, чанартай, жигд, хүртээмжтэй, шуурхай үзүүлэх тогтолцоог бий болгох зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа” хэмээгээд эмнэлгийн хувьчлалын асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүсэв.

Эмнэлгийнхний тавьсан хүсэлтийн хариуд хотын дарга “Менежментийн гэрээний асуудлыг шийдэж, хувьчлалын асуудлыг нэг тийш нь болгож өгөх хүсэлт тавьж байна. Бид гэрээг дүгнэн үнэхээр иргэдэд үйлчлэх үйлчилгээ, чанарт ахиц гарсан байвал энэ асуудлыг шийдэхэд ямар ч асуудалгүй гэж бодож байна” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү