УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа


7 жил

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн зарим хороодын өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Тэд өрхийн эмнэлгийн эмч нартай уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр саналыг нь сонсож ярилцав.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд энэхүү тогтоолын төсөлд өрхийн эмнэлэгүүдэд тулгамдаж буй зарим асуудлыг тусган, шийдвэрлэх үүднээс ийнхүү ажилласан юм.



Эхлээд Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сонсов. Үргэлжлүүлэн 7, 8, 9, 10, 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдийн эмч нартай уулзлаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр Чингэлтэй дүүрэгт эрүүл мэндийн төв барих асуудал шийдэгдсэн, гагцхүү дүүргийн удирдлага 2.4 га газар чөлөөлөх шаардлагатай байгааг энэ үеэр дуулгасан юм.

Өрхийн эмнэлгийн эмч нар анхан шатны эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа. Тухайлбал, өрхийн эмнэлгүүд хүн амдаа шуурхай үйлчлэх үүднээс анхан шатны эмнэлэгт хэрэгжүүлж болохуйц зарим эмчилгээг нэвтрүүлж чаддаггүй нь тулгамдсан асуудал болж байгааг хэлсэн. Тухайлбал, нийтлэг хэрэглэгддэг 1-2 төрлийн физик эмчилгээний, зүрхний бичлэгийн,  ЭХО-ны, нярайн шарыг хэмжих, эмчлэх аппаратаар анхан шатны эмнэлгүүдийг хангах асуудлыг хөндлөө. Ингэснээр иргэд эмнэлгийн үйлчилгээг шуурхай авч, цаашлаад дээд шатны эмнэлгүүдэд үүсдэг ачааллыг бууруулах боломжтой гэлээ.



Түүнчлэн нярайн шарыг хэмждэг, эмчилдэг аппарат анхан шатанд байдаггүйгээс иргэд нярай хүүхдээ тэврэн нэгдсэн эмнэлгүүдийн оочерт удаан хугацаагаар зогсдог, зарим иргэд хүүхдийнхээ шарлалтыг хүндрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй болох хүртэл бэрхшээл үүсдэг талаар эмч нар хэлсэн юм.  Дээрх хоёр аппаратын зах зээлийн үнэ өртөг нэг бүр нь 2.5 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нийлээд 5 сая төгрөг болдог байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, иргэдэд хамгийн ойрхон байдаг, анхан шатны тусламж үйлчилгээ, эмчилгээг үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд тулгамдаж буй дээрхи асуудлыг улсын хэмжээнд шийдэхийн тулд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх тогтоолын төсөлд зарим асуудлыг тусган, шийдвэрлэх боломжтойг энэ үеэр хэллээ.

Төгсгөлд нь өрхийн эмнэлгүүд нь аж ахуйн нэгж болон төсвийн байгууллага гэсэн хоёр статусаар явдгийг нэг талд эцэслэн шийдвэрлэх шаардлагатайг хөндлөө. Өрхийн эмнэлгийн эмч, ажиллагсад төрийн албан хаагчид хамаардаггүй учир орон сууцны зээлд хамрагдаж чадахгүйгээс эхлээд нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж чаддаггүй юм байна. Эмч нар энэ талаар болон эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулахтай холбоотой яаралтай шийдвэрлэх асуудлаа дэлгэрэнгүй танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү