Оффшор бүсэд данс эзэмшхийг хориглохтой холбогдсон хуулийн төслийг баталлаа


7 жил

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаан 15 цаг 45 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хийж, хуулийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Мөн төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах талаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй зарим саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Ж.Батзандан, Ө.Энхтүвшин, Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир, Ж.Ганбаатар нар асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн төслөөр төрийн 38000 албан хаагч, түүнд хамааралтай хүмүүсийг оффшор бүсэд данс эзэмшихийг хориглохоор тусгасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн. Бид тодорхой судалгаа хийж үзсэн, ийм хориглолт хязгаарлалттай эрх зүйн зохицуулалттай улс орон олон байдаг юм байна. Гол нь  татвараас зайлсхийх, мөнгө угаахтай тэмцэх үүднээс ийм зохицуулалт хийж эрүүгийн эрх зүйн хүрээнд асуудлыг ярьж хариуцлага тооцох бололцоо бүрдүүлэх зорилготой юм гэдгийг хэллээ.

Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Иймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн мөн 74.1 хувь нь дэмжсэн юм. Уг хууль нь  ердийн журмаар хэрэгжих юм байна.

Дараа нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэнийг Байнгын хорооны танилцуулгыг хийсэн Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Ж.Батзандан, С.Бямбацогт нар Байнгын хорооны ажлын хэсэг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь нь дэмжсэн. Харин тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь дэмжлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү