Харвардын судалгаа: Аз жаргалтай амьдралын нууц

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Харвардын судлаачид 75 жилийн турш урт удаан, эрүүл ба жаргалтай амьдралын шалтгааныг тогтоохоор 600 орчим хүнийг дагнан Grant and Glueck нэртэй судалгаа хийжээ. Энэ бол эрүүл мэнд, аз жаргалын тухай явуулсан хамгийн урт хугацааны судалгаа юм. Грант ба Глюк гэсэн хоёр бүлэгтэй энэ судалгаанд:

  • Харвартын психиатрист Жеорж Вейлантаар ахлуулсан Grant study бүлэгт Харвардын хоёрдугаар дамжааны 268 эрэгтэй
  • Харвардын хуулийн сургуулийн профессор Шелдон Глюкээр ахлуулсан Glueck study бүлэгт Бостон хотод өссөн, амьжиргааны түвшин тааруу 12-16 насны 456 хөвгүүн гэсэн хоёр өөр удирдагчтай, хоёр өөр бүлэгт судалгаа явуулсан байна.

 Тэд судалгаандаа оролцогчдын хариулт, эрүүл мэндийн тайлан, тархины скан, цусны дээж, тэмдэглэл, найз, гэр бүлтэйгээ хийсэн ярилцлага зэргийг багтаасан мянга мянган хуудас материал ашиглажээ.

Оролцогчдын зарим нь өнөөдөр 80, 90 гарч, зарим нь хэдийн хорвоог орхижээ.

Грант судалгааг 42 жилийн турш ахалсан Доктор Вейлантаас 40 жилийн хөдөлмөр зарцуулсан судалгаанаасаа юу сурсан тухай асуухад “Амьдралд хамгийн чухал ганц юм бол чиний бусадтай үүсгэсэн харилцаа.” гэжээ. Түүнчлэн түүнээс судалгаагаа таван үгэнд базах тухай санал тавихад “Аз жаргал бол хайр. Цэг.”  хэмээн хариулсан юм.

“Амьдралд хамгийн чухал ганц юм бол чиний бусадтай үүсгэсэн харилцаа.”

“Аз жаргал бол хайр. Цэг."

Доктор Вейлантын Грант судалгааныхаа тухай бичсэн ном

Тэгэхээр Харвардын олон жилийн турш хийсэн судалгаанд аз жаргалын шалтгаанаар хүмүүс хоорондын харилцааг хамгийн чухалд тооцсон байна. Бусадтай ойр дотно харилцаатай оролцогчид илүү жаргалтай бөгөөд эрүүл байхаас гадна илүү урт насалдаг нь ажиглагджээ. Нөгөө талд бусадтай харилцаа муутай хүмүүс бие, сэтгэлийн хувьд тааруу байдаг гэсэн байна. Жишээлбэл, тогтмол хэрүүл маргаантай, нэгэндээ халамж багатай гэр бүлтэй харьцуулахад ганц бие хүмүүс илүү жаргалтай байж.

©TedTalks Роберт Валдингер

Грантын судалгааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа Харвардын сэтгэл зүйч Роберт Валдингер TedTalks-д тавьсан илтгэлдээ “Энэ 75 жилийн судалгаанаас бидний авсан хамгийн тодорхой мессеж бол: Сайн харилцаа биднийг илүү жаргалтай бас илүү эрүүл байлгадаг.”  гэсэн бөгөөд түүний дурдсанаар “Чамд хэдэн найз бий вэ гэдэгт биш...харин чиний дотно харилцаа хэр чанартай вэ гэдэгт байгаа” гэжээ.

“Чамд хэдэн найз бий вэ гэдэгт биш...харин чиний дотно харилцаа хэр чанартай вэ гэдэгт байгаа”

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү