Дуудлагын жолоочийн нэр барьсан залилагчийг барьжээ


7 жил

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид “Өөрийгөө дуудлагын жолооч байна” гэж танилцуулан оройн цагаар баар, караокегоор үйлчлүүлээд гарч буй иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлжээ.

Сэжигтэн Б нь Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг тийнхүү залилдаг байсан нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Уг этгээд нь шүүхээр өмнө ял шийтгэгдэж байжээ.

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.2. Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Иргэн танд дуудлагын жолоочийн үйлчилгээ хэрэг болсон үед найдвартай, албан ёсны үйлчилгээ үзүүлдэг компанид хандах, гэр бүл, ойр дотны итгэлт хүмүүсээ дуудаж, гэртээ аюулгүй хүргүүлэх зэргээр аливаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү