Улсын онцгой комисс Хэнтий аймагт ажиллаж байна


7 жил

Зүүн гурван аймагт гарсан малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилгоор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон тулгараад байгаа асуудлаа танилцуулсан юм.

Хуралдааны үеэр Ажлын хэсэг аймгийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайн байна гэж дүгнэлээ. Харин зарим сумдад малын эмчийн хүрэлцээ муу, зам даваа цасанд боогдсоноос болж вакцинжуулалт тааруу хийгдэж  байгаа тул аймгийн онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ХХААГ-аас 10-15 малын эмчийг Улаанбаатар хотоос авчирч хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Мөн аймгийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдахгүй үлдсэн ганц сум болох Өмнөдэлгэр суманд 160 мянган тун вакцин шаардлагатай байгаа хэдий ч улсын нөөц шавхагдсан тул бусад аймгийн нөөцөд байгаа вакцинаас татах замаар асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Уг малын өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны зардалд аймгаас 64 сая төгрөгийг одоогийн байдлаар зарцуулаад байгаа юм. Цаашдаа ч хөрөнгө мөнгө нилээд шаардлагатай байгаа тул Улсын Онцгой комиссоос Хэнтий аймагт шүлхий өвчинтэй тэмцэх зардалд 30 орчим сая төгрөг хувиарлах саналыг Засгийн газарт хүргүүлээд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү