Ажлын өдөрт 926, амралтын өдрүүдэд 664 автобус үйлчилдэг

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Нийтийн тээврийн 1167 бүртгэлтэй автобуснаас ажлын өдөрт 926, амралтын өдрүүдэд 664 автобус үйлчилдэг байна. Энэ тухай П.Баярхүүгээр ахлуулсан Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуудал хариуцсан ажлын хэсэг нийтийн тээврийн компаниудтай уулзахад мэдээлжээ. Хоёрдугаар сард 1124 автобус байдагаас 116-г  хугацаа хэтэрсэн, техникийн шаардлага хангаагүй тул үйлчилгээнээс хассан байна. 

Сөүлд 7-8 жил явсан 1000 автобусыг үнэгүй авна

Хугацаа нь дууссан, хорт утаа их гаргадаг олон тээврийн хэрэгслийг шинэчлэхийн тулд Сөүл хотод 7-8 жил явсан 1000 автобусыг төлбөргүй авах тухай ярьж байгаа гэжээ. Монголоос зөвхөн гааль, татвараа хариуцах нөхцөлтэй байгаа ба цахилгаан, газын түлш хэрэглэдэг автобус сонгоно. Нэмээд Солонгос улсаас том оврын 300 орчим автобус худалдаж авах бөгөөд хотын захын хорооллын хүүхдүүдэд нийтийн тээвэр хүртээмж муутай байгаа тул ЕБС-д автобус хуваарилах төлөвлөгөөнд аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэдгээ П.Баярхүү илэрхийлжээ.

Иргэдээс ирдэг санал гомдолууд

Жолоочийн ёс суртахуун, зуслангийн чиглэлийн автобусууд зогсоол дээр зогсохгүй явах, хөгшин, настай хүмүүсийг авахгүй байна, автобусан дотор тамхи татах, жолоо барьж байхдаа утсаар ярих, бэлэн мөнгөний хайрцаг руу мөнгө хийхэд загнах, мөнгийг дундаас нь авах, автобусны цэвэрлэгээтэй холбоотой гомдол, шүүмжлэл нийтийн тээврийн 326352, 323176 гэсэн 24 цагийн санал авах утсаар их ирдэг байна.Үүний дагуу  долоо хоногтоо нэг удаа суудлын бүрээсээ угаах, автобусны дотоод цэвэрлэгээг тогтмол хийж хэвшүүлэх зэрэг саналыг ажлын хэсгээс тавижээ.

Хуурамч, уранхай мөнгөний асуудал их гардаг

Харин нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Автотерминал компаниас хуурамч, уранхай бэлэн мөнгөний асуудал их гардагийн улмаас мөнгө тоолох, уранхай мөнгийг ялгахад цаг, хүчээ их зарцуулдаг гэжээ. Түүнчлэн Тэнүүн Огоо компаний захирал орлого бүрдэхгүй байх, жолооч мөнгөө төл гэж шаардахад элдвээр хэлж, биед нь хүрэх зэрэг зөрчил илэрдэгээс гадна мөн л уранхай, хуурамч мөнгөний асуудал гардаг учир бүрэн картын системд шилжихийг компаниуд дэмжиж байгаа аж.

Төрийн албан хаагчид долоо хоногт 1-2 удаа нийтийн тээврээр зорчдог болох

 Нийт төрийн албан хаагчид хэрэв автобусаар зорчдог болвол тодорхой хэмжээний орлого нийтийн тээвэрт орох ба замын түгжрэл  буурахад нөлөөлөх магадлалтай гэлээ. Үүний тулд төрийн албан хаагчид долоо хоногт 1 – 2 удаа нийтийн тээврээр зорчдог болох хэрэгтэй аж.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү