Т.Доржханд: Аль ч шатанд бусад намтай хамтарч, эвсэхгүй


1 сар

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын гишүүд орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор өнөөдөр /2020.10.19/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-ХҮН  энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэл болон Дархан, Эрдэнэтэд илүүтэй төвлөрч ажилласан.  Төр засгийн шийдвэр гаргах бүх шатанд бид төлөөлөлтэй боллоо. Биднийг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Манай нам аль ч шатанд бусад намтай хамтарч, эвсч ажиллахгүй. Эсрэгээрээ зөв зүйлийг нь дэмжээд, ажил хэрэгч байдлаар хандаж, холбогдох шаардлагаа тавьж ажиллана. Бид хүндээ ээлтэй нийслэл, дүүрэгтэй болгох чиглэлд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж шударга сөрөг хүчин байж ажиллах болно. Орон нутгийн сонгуулийг ач холбогдол өгдөггүй байдлаар хийж, хуулийг ч ийм байдлаар зохицуулж ирсэн байна. Орон нутгийн сонгууль 50-иас дээш хувийн ирцтэй, түүнээс дээш гарахгүй бол дахин сонгууль явуулдаг байсан заалтыг хуулиас авч хаясан байна. Хэн илүү их намын бүтцээ ажиллуулсан, хэн нь илүү хүн зөөж санал өгсөн нь ялдаг систем рүү орж байна. Ардчиллыг, иргэдийг төлөөлөх эрх нь бүрэн хангагдаж байна уу. Гарч ирсэн төлөөллүүд нийт иргэдээ төлөөлж ажиллаж чадах уу гэдэг асуулт байна. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Бид сонгуулиа өгдөг үндэстэн байж чадах уу. Цаашаа ардчилал урт хугацаанд амь бөхтэй байж чадах уу гэж санаа зовж байна. Ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр, сонгуулийн байгууллагууд ирц идэвхижүүлэх чиглэлээр ажилладаг байх ёстой. Иргэд хэдэн саналаа хэнд, хаана очиж өгөхөө ч мэдэхгүй дур зурагтай байлаа. УИХ-ын сонгуулийг олимпын дайтай, орон нутгийн сонгуулийг параолимп байдлаар, хүмүүс сонирхдоггүй байдлаар дизайн хийж явуулж байна. Тиймээс ХҮН-аас сонгуульд олон хүн оролцдог, олон сонголттой байх боломжийг нээх чиглэлээр хуулинд өөрчлөлт оруулна гэсэн хүлээлттэй байна.

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.НАРАНБАЯР:

-Бид гурвуулаа НИТХ-д сонгогдсон. Гэхдээ 30 хүн шиг ажиллаж бид ажиллана. Түгжрэлийг шийдвэрлэхийн тулд бүх талаар хамтран ажиллана. Нийслэлийн төсвийг илүү тод, тодорхой, нээлттэй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллана. Сөрөг хүчин яаж ажиллах ёстой вэ гэдгийг үзүүлнэ. Дөрвөн жилийн дараа шүүмжилдэг сөрөг хүчин байж болохгүй. Хуралдаан болгон дээр асуудлыг нь ярьж, зөв тийш нь чиглүүлдэг л байх ёстой гэж харж байна. Бид ингэж ажиллана. Хотын иргэнийхээ төлөө хамгийн их зүтгэдэг, хүнд хэцүүг нь үүрч, хариуцлагаа өөрөө үүрдэг хотын даргыг хүсч байна гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү