Хүүхдэд ээлгүй Улаанбааатар


4 жил

Ээжүүд, эмэгтэйчүүдийн санаачлагаар 2020.09.24-ний өдөр Чингисийн талбайд “Хүүхдүүдээ аваръя” уриатай жагсаал зохион байгуулагдлаа. Тэднийг дэмжин эрэгтэйчүүд ч ирсэн бөгөөд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зэрэг ТББ-ууд мөн нэгджээ. Хүүхдүүдийнхээ төлөө цугласан ээжүүд “Төрд хаягдсан хүүхдүүдээ аваръя”, “Хүүхдийн байгууллагууд ажлаа хий”, “Хохирогч хүүхдүүдэд нөхөн олговор олго”, “Хүүхдэд ээлгүй Улаанбаатар” гэх зэрэг уриа лоозонгууд барьсан байв. Тэд хэсэгхэн зуур шуугиад мартчихдаг биш үр дүнтэй үйлдэл болж үлдээсэй гэж хүсч байна.

No description available. 

 СХД-ийн иргэн Т.Амарсүрэн: Ээжүүд одоо л анхаарахгүй бол цаашид хүүхдүүд хохирсоор байх болно

Энэ хотын дарга нар хандивын мөнгө төгрөг идэж уусан байна лээ. Хүүхэд хамгаалах ажилчдын цалинг бас идээд уучихсан юм биш үү? Ядаж хүүхдэд зориулсан мөнгийг идэж, уухгүй байж болдоггүй юм уу? Арай хэтэрч байгаа юм биш үү? Өөрсдөө үр хүүхэдгүй юм уу? Ээжүүд өнөөдөр л хэлэхгүй бол, одоо л анхаарахгүй бол цаашид хүүхдүүд хохирсоор байх болно.

 ЧД-ийн иргэн Д.Болормаа:Яасан хэцүү, ямар аюултай хот гэхээр ийм байдаг юм бэ?

Тоглох талбайгүй  учраас тэр холоос цэцэрлэгт хүрээлэнд ирж тоглоод, тэнд нь ямар ч хараа хяналтгүй, хамгаалалтгүй барилгын суурь ухсан нүх байж байдаг, тэрэнд нь хүүхдүүд хэд хэдээрээ энддэг. Байрныхаа гадаах эмийн сангийн хаалганы тогонд цохиулаад хүүхэд нас барж байна. Хойд аав, ээжүүдийн гарт зодуулаад амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй энддэг хүүхдүүд олон байна. Цэцэрлэг, сургууль дээрээ янз бүрийн байдлаар хүүхдийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Автын ослоор маш олон хүүхэд эндэж байна гэсэн мэдээ байнга гардаг. Яасан хэцүү, ямар аюултай хот гэхээр ийм байдаг юм бэ? Хотын удирдлагууд хүүхдийн төлөө юу хийсэн юм бэ?

 

ХУД-ийн иргэн П.Батжаргал: Хүүхэдтэй хүн бүр хэлэх, шаардах цаг болсон байна

Гэр оронгүй, идэх хоолгүй, аав ээжгүй, аав ээжтэй нь зодуулдаг, хүчирхийлүүлдэг, цагдаа нь хүртэл хүүхдээ зоддог, сургууль, цэцэрлэггүй, ном дэвтэргүй, тоглох талбайгүй, гудамжиндаа ч аюултай, архичинтай, бохир заваан орчинтой, элдэв янзын өвчинтэй, гарцаар гарсан ч машинд дайруулдаг, өвдөөд эмнэлэгт очъё гэхэд эмч, эмнэлэг нь хүрэлцдэггүй... ийм нийслэл хот гэж хаана ч байхгүй. Тайван сайхан амьдарч чадахгүй, дайн байлдаантай улсаас доор байдалд байна. Улаанбаатар хот маань гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна. Одоо энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Хүүхэдтэй хүн бүр хэлэх, шаардах цаг болсон байна.

No description available. 

No description available. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү