Т.Энхсайхан япон хамтрагчаа луйвардсан хэргээр шалгуулж байна


4 жил
Одоогоос 6 жилийн өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай Нэхмэлийн байруудыг дахин төлөвлөж, төсөл хэрэгжүүлэгч компаниудыг сүр дуулиантайгаар  батламжилсан.  Тухайн үед “Фүжи холдинг ББСБ” ХХК  Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, батламж авч байсан боловч өнөөдөр тус компанийн захирал болох Т.Энхсайхан томоохон залилангийн хэрэгт холбогдоод байна.

Т.ЭНХСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

Энэ эмэгтэй УИХ-ын 2016 оны сонгуулиар “Ардчилсан намын Монголжингоо” гэсэн айхтар бялуурсан сурталчилгаа цацуулж, өрсөлдөгч А.Сүхбат аваргатай хамт авахуулсан зургаараа өөрийгөө рекламдаж явсан. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн энэ бүсгүй “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн гэгч” хөдөлгөөн өрнүүлж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаал төрийн ордны гадаа болон Хууль зүйн яамны гадна хийж, арц хүж уугиулж, сан тавьж, Ц.Нямдоржийн зургийг нь шатааж байсан ч удаатай. Тэрээр АН-ын дэргэдэх Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал гэдэг албан тушаалтай. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд асан  С.Эрдэнэ тус холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд тэд тун ойр дотно холбоотой гэнэ. Мөн “Фүжи холдинг” компани нь Ардчилсан хүчний холбооны байр “Шонхор таур”-т байрладаг байна.

ЯПОН ИРГЭН Т.ЭНХСАЙХАНЫ ЯПОН ИВЭЭН ТЭТГЭГЧ ТҮҮНЭЭС ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛЖ БАЙНА

Т.Энхсайхан гэгч энэ бүсгүй тун сүйхээтэй нэгэн бололтой. Тэрээр япон улсын иргэн, өөрөөсөө олон насаар ах  Ишибаши Рёосүкэ гэгч эртэй их эртнээс холбоо тогтоож чаджээ. Олон хүмүүс түүнийг хөгшин япон эртэй амрагын холбоотой хэмээн ярьдаг. Үнэн худлыг бүү мэд. Ямартай ч Т.Энхсайхнаас олон насаар  ах японы иргэн түүнийг яг л хүүхэд шигээ эрхлүүлдэг байсан бололтой. Учир нь Т.Энхсайхан Япон улсын  иргэн Ишибаши Рёосүкэтэй хамтран “Фүжи холдинг” нэртэй банк бус санхүүгийн байгууллагыг байгуулсан байна. Японы иргэн Ишибаши Рёосүкэ 89.53 хувийг нь эзэмшихээр 984 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Т.Энхсайханг гүйцэтгэх захирлаар томилсон байна. Мөн 2011 онд эргэлтийн хөрөнгийг 349 сая төгрөгөөр нэмэгдүүлж, дахин жижиг зээл авахад зориулан дахин 100 сая төгрөг нэмж өгсөн байна.

Гэвч Т.Энхсайхан “Фүжи холдинг” ББСБ-гын хөрөнгө мөнгийг дур мэдэн зарцуулах болжээ.  Т.Энхсайхан “Фүжи холдинг” ББСБ-гаас хагас тэрбум гаруй төгрөгийг хууль бусаар авч хэрэглэсэн нь “Акбар” аудитын компанийн хийсэн шалгалтаар батлагджээ. Зөвхөн 2015-2016 оны хооронд л гэхэд Т.Энхсайхан 347  сая төгрөг бэлнээр авч, 103 сая төгрөг хүүгүй, барьцаагүй зээлж, нэр данс зөрсөн гэдэг нэрээр 102 сая төгрөг данснаас гаргаж, гурван жилийн хугацаанд түүний унаж байсан 0040 УН... дугаартай машинд 14 сая төгрөгийн шатахууны төлбөрийг байгууллагаас төлж, завсар үйлчилгээнд нь 9 сая гаруй төгрөг зарцуулжээ. Тэр ч бүү хэл гэр орны тавилга хогшил авах, байрны төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр гэх их хэмжээний мөнгийг Т.Энхсайхан байгууллагынхаа данснаас дур мэдэн авч зарцуулахаас гадна байн байн мөнгө нэхэх болсон нь япон хөрөнгө оруулагчийнх нь тэвчээрийг баржээ.

Японы иргэн Ишибаши Рёосүкэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Би “Фүжи холдинг” ББСБ-д 950 сая төгрөгийни хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Т.Энхсайханд байр, машин авч өгсөн. Японд байхдаа хамгийн үнэтэй “Ниссан мурано” загварын машин авахуулна хэмээн галт тэргэнд хамт хамт явж байхлаа уйлсан. Машин авч өгсөн. Мөн Голомт хотхонд өндөр үнэтэй байр авна хэмээн 63 сая төгрөг зээлсэн. Энэ байрыг ээжийнхээ нэр дээр авсан. Дараа нь Зайсанд байр авна хэмээн 107 сая төгрөг зээлсэн. Хэрвээ зээлээ төлж чадахгүй бол өөрийн мэдлийн 10.47 хувийн хувцаагаа өгнө гэж гэрээ байгуулсан” хэмээн мэдүүлжээ. Гэвч Т.Энхсайхан зээлээ төлсөнгүй. Японы иргэн Ишибаши Рёосүкэ аргаа барж, ТУЗ-ийн хурал хийж, Т.Энхсайханг ажлаас нь халж, шинэ гүйцэтгэх захирал тавих гэтэл Т.Энхсайхан тамга тэмдгээ өгөхөөс зайлсхийж, хөрөнгө оруулагч нь аргагүйн эрхэнд шүүхэд хандсан байна. Ямартай ч Т.Энхсайханг охин шигээ л эрхлүүлдэг байсан Япон улсын иргэн Т.Энхсайханд тэрбум гаруй төгрөгөө алдчихаад шат шатны шүүхэд нэхэмжлэх гаргаж явна. Тэрээр “2015 онд Т.Энхсайхан ББСБ-ын 180-аад сая төгрөгийг завшсаныг ажилтнуудаасаа мэдэж, түүнээс учрыг асуухад “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэдэг хүнд мөнгөө залилуулчихлаа.

Уг мөнгийг би нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрх авахын тулд зарцуулах бодолтой байсан юм” гээд уйлж байсан хэмээн мэдүүлжээ. Хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар Т.Энхсайхан “Фүжи холдинг” ББСБ-ын гүйцэтгэх захирлаар 2010-2014 онд ажиллах хугацаандаа байгууллагаасаа гаргасан зээлийн 200-гаад сая төгрөгийг хувийнхаа харилцах болон хадгаламжийн дансаар авсан нь тогтоогдсон сурагтай. Тус байгууллага 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд кассандаа 750 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж санхүүгийнхээ тайланд тусгаж холбогдох байгууллагад өгч байсан ч уг мөнгө нь байгаагүй гэнэ. Уг мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй аж. Уг ББСБ-ын хөрөнгө оруулагч Японы иргэн Ишибаши Рёосүкэ арилжааны банкан дахь дансаа битүүмжлэх санал “Голомт”-ынхонд хүргүүлсэн байтал 2019 онд 300 гаруй сая төгрөгийг нь “Фүжи холдинг” ББСБ-ын нягтлан бодогч нь авсан аж. Нягтлан нь  Т.Энхсайхантай хамт очиж уг мөнгийг авч өгсөнөө хууль сахиулах байгууллагынханд хэлжээ. Тиймээс хууль сахиулах байгууллагынхан Т.Энхсайханыг албан тушаалаа ашиглаж, ББСБ-ын хөрөнгийг зориулалт бусаар хувьдаа ашигласан гэж буруутгаж байна. Тэрбум гаруй төгрөгөө алдсан Японы иргэн мөнгө ч үгүй, банк бус санхүүгийн байгууллага ч үгүй хоосон үлджээ.

Т.ЭНХСАЙХАН “ФҮЖИ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК-ИАС 420 САЯ ТӨГРӨГ ЗАВШЖЭЭ

Т.Энхсайхан нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс    Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулна хэмээн захирамж гаргуулж авсан тухай бид дээр дурьдсан. Гэвч тэрээр энэхүү захирамжийг авахдаа бас л хууль зөрчин, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. Тодруулбал,  тэрээр сонгон шалгаруулалтад оролцохдоо төслийн хөрөнгө оруулалтыг   япон улсын иргэн Ишибаши Рёосүкэгээс орж ирнэ хэмээн Капитал банкинд тендерийн баталгаа 17 тэрбум төгрөг байршуулсан хэмээн хуурамч тодорхойлолт гаргуулж авсан байна. Мөн “ФҮЖИ ДЕВЕЛОПМЕНТ” гэгч компанид  Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг дахин төлөвлөлт хийх эрхээ шилжүүлэн, 420 сая төгрөг завшсан байна.

Т.ЭНХСАЙХАНЫ ТОГЛОЖ БУЙ УЛС ТӨРИЙН ЖҮЖИГ

Уг нь Т.Энхсайханы эсрэг гомдол гаргаж, түүнийг анх шүүхэд өгсөн хүн нь япон улсын иргэн Ишибаши Рёосүкэ. Тэрээр Хан-Уул дүүргийн шүүх болон цагдаад их хэмжээний мөнгөө залилуулсан гэж гомдол гаргажээ. Гэтэл тэр энэхүү годмлыг шалгах ажлыг шууд өөрийнхөө улс төрийн пи ар болгон ашиглаж, “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн” гэгчийг байгуулан жагсаал цуглаан хийж, “Ц.Нямдорж, УМБГ-ын дарга Баасандорж, “ФҮЖИ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК нийлэн нэхмэлийн шар байруудыг буулгах, Хан-Уул цогцолбор барих ажлыг маань дээрэмдчихлээ” хэмээн мэдэгдэж, багагүй үймээн шуугиан тарьжээ. Залилангийн хэргээр шалгагдаж байгаа бүсгүй сандарсандаа Э.Бат-Үүл даргаас худлаа баримт материал бүрдүүлж байж авсан дахин төлөвлөлт хийх захирамжаа 420 саяар зарж орхисноо мартсан уу, аль эсвэл улс төр хийх өөрийнхөө санааг гүйцэлдүүлэхийн тулд яахаас ч буцахаа байсан уу... Тэрээр Хууль зүйн сайдыг элдвээр дарамталж,  залилангийн хэргээ дарах,  ирэх сонгуульд АН-аас Төв аймагт аймагт нэр дэвших хүсэлтэй байгаа бололтой.
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү