“Бүх оддын тоглолт”-ын шилдэг тоглогчийн шагналыг Кобигийн нэрэмжит болголоо


4 жил

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбоо “Бүх оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч” /NBA All-Star MVP Award/-ийн шагналаа домогт сагсанбөмбөгч Коби Брайантын нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ. ҮСБХ-ны комиссар Адам Силвер энэ талаар мэдээлснийг ВВС уламжиллаа.

Коби Брайант “Бүх оддын тоглолт”-од 18 удаа оролцож байсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ бүх цаг үеийн түүхэнд Карим Абдул Жаббарын дараа /19/ хоёрдугаарт бичигддэг юм.     

А.Силвер мэдэгдэлдээ Коби Брайантын гэнэтийн үхэлтэй эвлэрч чадахгүй бөгөөд нэрийг нь мөнхжүүлэхийн тулд ямар нэг зүйл бодож олохоор хичээсэн, улмаар “Бүх оддын тоглолт”-ын шилдэг тоглогчийн шагналыг Кобигийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн хэмээн ярьсан байна. “Тэр сагсан бөмбөгийн сая, сая шүтэн бишрэгчдэд зориулан үргэлж шилдгийн шилдгүүдтэй тулалдаж, хамгийн оргилд нь байхыг хичээж тэмцдэг байсан” гэж А.Силвер мэдэгдэлдээ онцолжээ.  

ҮСБХ-ны “Бүх оддын тоглолт” энэ цаг мөчид Чикаго хотын спортын ордонд Жианнис Антетокумпо, Леброн Жеймсийн багуудын хооронд болж байгаа бөгөөд дууссаных нь дараа хамгийн шилдэг тоглогчид “Kobe Bryant MVP Award 2020” шагналыг гардуулна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү