Ардчилсан нам Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжинэ


4 жил

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлт, сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, дэлхий нийтийг цочроож буй титэм вирусийн эсрэг авч буй арга хэмжээний талаар хуралджээ.

Хэлэлцсэн асуудлын талаар АН-ын зөвлөлийн гишүүд мэдээлэл хийв. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Монголын төр, ардчиллын төлөө зүтгэж явсан Г.Батхүү агсны хэргийг онцгой анхаарах шаардлагатай. Талийгаачийн гэр бүлийнхнээс АН-ынханд “Хэргийг үнэн зөв тогтоох, шударга ёсыг бий болгоход АН ажиллана гэдэгт найдаж байна” гэсэн захидал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт, хүн ам төвлөрсөн хотын мандатын тоог хасах гэж буйтай холбогдуулан УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Цөөн хүн амтай, олон мандаттай аймгуудын мандатыг бусад руу нь шилжүүлэх боломжтой. Тиймээс Байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар ийм байр суурьтай оролцоно.

Сүүлийн үед титэм вирустэй холбогдуулан улс оронд нэлээд ауудал үүсч байгаа. Манай улс өндөр эрсдэлтэй болсон энэ үед айл өрх, иргэн бүрийн хариуцлага, төр засгийн шуурхай ажиллагаа нэн тэргүүнд чухал гэдгийг хэлмээр байна. Холбогдох албаныхан онцгой анхаарах хэрэгтэй. Янз бүрийн худал ташаа мэдээлэл гарч байна. Үүнд холбогдох албаныхны баттай мэдээлэл дутмаг байна. Маск, ариутгах бодис дутмаг байгааг анхаармаар байна” гэлээ.

Мөн энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Коронавирусийн эсрэг арга хэмжээ дутагдалтай байна. Энэ Хоёрдугаарт, нийслэлийн мандатыг бууруулахаар эрх баригчид улайрч байна. Нийслэлд амьдарч байгаа иргэд эрхээ дутуу эдэлдэг байж болохгүй” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү