Ц.Нямдорж : Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ


8 сар

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн. Уг саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрдээгүйгээс хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. Тус дэд хорооны гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Герман улс руу томилолтоор явсан бөгөөд энэ сарын 24-нд ирнэ гэсэн мэдээлэл бий.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хүсэлт хүргүүлсэн. Тэрбээр дэд хорооны хурлыг нээлттэй явуулах, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ийн сайд С.Чинзориг нарыг оролцуулах хүсэлт тавьсан юм. Улмаар гадаадад эмчилгээтэй байгаа тул энэ сарын 25-наас өмнө хуралдах эсвэл ирэх сарын 3 хүртэл хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэгвэл энэ талаар 

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ. Хурал хойшлох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй юм. Бүх зүйлийг түүний хэлснээр явуулна гэж байхгүй. Хурлыг нээлттэй явуулах боломж байхгүй. Ерөнхий прокуророос нууцын зэрэгтэй бичиг ирсэн. Хоёр сайдыг хуралд оролцуулах боломжгүй. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл нь сайд байхдаа хийсэн ажил болон Төрийн ордонд болсон хэрэгт худал мэдүүлэг өгсөн, хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үг гэсэн гурван асуудал байна лээ.

Н.Номтойбаярын хүсэлтийг нь дэд хороонд танилцуулна. Дэд хорооны гишүүн Ч.Улаан томилолтоос  хэзээ ирэх талаар мэдээлэл алга” гэв.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү