С. Чинзориг: 231 мянган ахмад, 776 тэрбум төгрөгийн зээлтэй байна


4 жил

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасныг Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн билээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “ Салхитын мөнгөний ордоос бонд босгох чиглэлээр Засгийн газраас шийдвэр гаргах ёстой. Байгалийн баялгийг захиран зарцуулах эрх нь УИХ-д хадгалагдана гэсэн хуультай. Тиймээс хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлах шаардлагатай. Одоо Ерөнхий сайдын захирамж гарах байх. ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах төлөвлөгөө ярьж байна. Судалгаагаар Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхэд буруудахгүй гэж ХНХ-ын сайдын хувьд үзэж байна. Ахмадууд төрдөө үнэлэгдэх гавьяатай хүмүүс” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цаашид тэтгэвэр барьцаалж зээл өгөхөө больж байгаа гэсэн үү. Энэ нь ямар дагавартай гэж харж байгаа вэ?

-Өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзахад хоёр зүйлийг хэлж байна. Нэгдүгээрт, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэлээ гэхэд цаашдаа иргэдийнхээ сарын амьжиргааны хэрэгсэл болсон мөнгийг барьцаалах үйлчилгээг зогсоох, өөрчлөх хэрэгтэйг хэлсэн. Хоёрт, зээлд тодорхой хэмжээний хүү төлж байгаа. Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэглэнэ гэвэл энэ хүртэлх хүүг л хамт төлөх учиртай. Түүнээс хойшхи хугацааны хүүг төлөхгүй гэдгийг хэлсэн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд хүү багатай байршуулж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү багасгаж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн арилжааны банктай байгуулсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэрээг цуцлах, байршуулсан мөнгийг буцааж татах хэрэгтэй гэсэн. Хэрвээ буцааж татуулахгүй гэвэл мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулна гэж байгаа.

-Хэчнээн банкинд хэдэн төгрөгийн хөрөнгө байршуулсан бэ?

-776 тэрбум төгрөгийн зээлийн 95 хувь нь Төрийн банк болон Хаан банкаас авсан зээл байдаг.

Ахмадуудаа ялгаварлалаа гэсэн шүүмжлэл байна л даа?

-Иргэдэд төр тэгш хандахгүй байна гэсэн шүүмжлэлтэй санал нэг байна. Гэхдээ амьдралын шаардлагаар авсан зээлийг тэглэхэд буруу зүйл байхгүй. Ер нь цаашдаа тэтгэвэр барьцаалан зээл олгодог тогтолцоог зогсоох эсэхийг яригдана. Нэг удаа тэглэхээр ахмадууд дахиад зээл авна. Мөн тэтгэврийн зээл аваагүй 180 гаруй ахмад бий. Тэднийг дахиад зээл авбал ирэх онд дахиад тэтгэврийн зээл тэглэх тухай асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүрэн зогсоох гэхээс илүү тэтгэвэр барьцаалсан зээлийг өөрчлөх солих саналыг Монголбанкинд би сүүлийн хоёр жилийн хугацаанд тавьсан.

-Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулна гэсэн. Гэтэл энэ ордтой холбоотой асуудал дуусаагүй юм биш үү. Ямар аргаар эргэлтэд оруулах юм бэ?

-Салхитын мөнгөний ордыг өнгөрсөн жил төрийн мэдэлд авсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэргэд тусгай төрийн өмчит компани байгуулсан. Энэ компанийн нэр дээр Салхитын мөнгөний ордын лиценз бий. Энэ ордоо түшиглэн бонд босгох арга хэмжээ авна.

-Тэтгэврийг хэзээ тэглэх бол?

-Байгалийн баялгийг ашиглах шийдвэрийг УИХ шийдвэрлэх учраас ажлын хэсгийнхэн ажиллан төсөл өргөн барьж тэндээс тодорхой шийдвэр гарна. Өнөөдөр бол бид нэгдүгээр сарын тэтгэврээ олгосон. УИХ-аар шийдвэрлээгүй байгаа учраас арилжааны банк ахмадуудын  зээл, зээлийн хүүг авчихсан байгаа. Хэрэв УИХ-аас нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн зээлийг тэглэнэ гэвэл буцаан олгох хэлбэрээр өгөх ёстой болно. Хамгийн гол нь Засгийн газрын тодорхой шийдвэр л хэрэгтэй байна.

-ҮАБЗ-ийн нэг гишүүн тэтгэврийн зээлийг тэглэхэд санал нэгдээгүй гэсэн мэдээлэл байна. Ерөнхий сайд үүнийг дэмжиж байгаа юу?  

-Үндэсний аюулгүй байдал гурван гишүүнтэй. Гурвуулаа зөвшөөрч  байж зөвлөмж гаргасан гэж ойлгож байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү