Н. Номтойбаяр: Хэрэг гарах үед би ордны гурван давхрын зүүн жигүүрт нэг гишүүний өрөөнд байсан


4 жил

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Намайг яллагдагчаар татсан тогтоолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Энэ тогтоол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна. Мөн төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан.

Хоёр жилийн хугацаатай  эргэн төлөгдөх зохицуулалттай тогтоол бий. Үүний дагуу зээл олгогдоод, гэрээ байгуулсан. Энэ төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг дурджээ. Түүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж байгаа. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна. Бүр сүүлдээ намайг өөрөө зээл авсан мэтээр ярьж байна.

Салбартай холбоотой олон санал ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлдэг. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна. 

Өнөөдөр авлигатай тэмцэх газар яаж ажиллаад байна вэ. Ингэж ажиллаж байгаад туйлын харамсалтай байна. Ур чадвар уу, улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа харуулна.

Мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүмүүс ийм инээдтэй юм бичээд хүний нэр төрд халдаж, гэмт хэрэгт гүтгэж байна. Хэргээ шийдүүлж, тайлбар өгөх гээд 4 хоног боллоо. Энэ асуудалд үндэслээд намайг УИХ-аас эгүүлэн татах санал боловруулаад гүйж байгаа талаар дуулсан. АТГ-ын дарга З.Дашдаваа үүнийг үзэж байгаа байх. Намайг хүлээж авч уулз" хэмээлээ.

Харин Г.Баттхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар "Энэ хэрэгт намайг яллагдагчаар татсан зүйл огт байхгүй. Энэ асуудлаар сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйл байна уу үгүй юу гэдгийг энэ хэргийг хянаж байгаа прокурортой албан уулзалт хийхдээ асуусан. Тийм зүйл байхгүй гэсэн. 

Нас барсан хэрэгтэй холбогдуулан би болон хэн нэгэн хүн огт шалгагдаагүй. Гэрчийн мэдүүлэг 3 удаа өгөхдөө эхний 2-т нь зориудаар худал мэдээлэл өгсөн гэж үзээд байгаа.

Цагдаагийн байгууллагаас “Танай өрөөнд орсон. Танай өрөөнд архи уусан байтал уугаагүй гэдэг мэдүүлэг өгсөн” гээд байгаа. Манай өрөөнд архи уугаагүй. Орж ирэхээсээ өмнө архи уусан байсан үгүйг би яаж мэдэх юм бэ. 

Яг хэрэг гарах үед би ордны гурван давхрын зүүн жигүүрт нэг гишүүний өрөөнд байсан нь нотлогдсон зүйл.

Талийгаачийн ходоодноос архи илэрсэн гэсэн. Манай өрөөнд байсан архийг хураагаад аваад явсан. Лабораторын шинжилгээгээр хоёр архины дээж таарч байгаа эсэхийг нотлох ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй. 

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины цус харвалт гэж гарсан. Гэр бүлийнхэн нь гомдол гаргаад дахин шинжилгээ хийхэд мөн адилхан хариу гарсан. Сүүлийн хариу нь арваннэгдүгээр сарын 8-нд  гарсан юм.

Хэн нэгэн ямар нэгэн байдлаар намайг л яллах гээд зүтгээд байна.

АТГ, прокурорын байгууллагын удирдлагууд намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгээ УИХ-д өргөн бариадах. Хэрэг хийгээгүй байж яагаад би УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах ёстой юм?

Намайг түдгэлзүүлэх эсэхийг Их хурал шийднэ" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү