"Өргөө" эмнэлэгт амаржих байсан эх амиа алджээ


5 жил

Өргөө" амаржих газарт төрөх байсан эх харамсалтайгаар амь насаа алджээ. Тодруулбал, энэ сарын 30-31-нд шилжих шөнө 37 настай Ч нь хийсвэр хагалгаанд орохоор хүлээн, дусал хийлгэж байхдаа амь насаа алдсан гэх мэдээллийг гэр бүлийнхэн нь өгч буй. Мөн эмч нарын буруугаас болж амиа алдан, дөрвөн хүүхэд өнчирсөн гэж хэлж байгаа юм.

Энэхүү болсон хэрэг явдлын талаар бид "Өргөө" амаржих газраас тодруулахад “Манай эмнэлэгт хийсвэр хагалгаанд орохоор эмчлүүлж байсан эмэгтэйн бие гэнэт муудаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг боллоо. Эх төрөх хугацаа нь болоогүй учраас хийсвэр хагалгаанд орох өдрийг товлохоор эмчилгээ хийлгэж байсан юм. Уг нь тухайн эмэгтэй жирэмсэлж болохгүй буюу өмнө нь гурав амаржсан, хийсвэр хагалгааны оёдол нь эдгээгүй, эхэс буруу байрлалтай зэргээс шалтгаалан хүндрэл үүсч, эх хүүхэд хоёул эндлээ. Энэ тохиолдолд төрөхийн хүндрэл үүсч, амь насаа алдах эрсдэл байдаг.  Эх ургийг тээх явцад эмчийн хяналтаар давхар хууч өвчин илэрсэн. Манай эмч нар амаржихаар ирсэн эмэгтэйд яаралтай эмнэлгийн үйлчилгээ үзүүлээгүй ч юм уу, хараа хяналтгүй орхисон юм биш. Бие нь огцом муудаж эмчилгээ авч амжаагүй. Бидний зүгээс өмнө нь талийгаачийг хийсвэр хагалгаанд орж болох эсэх, хэрхэн аюулгүй амаржих тухай ар гэрийнхэнтэй нь зөвлөлдөхөөр дуудуулсан ч ирж амжсангүй юу, хэн ч ирээгүй. Мөн эх хүүхдийг энддэг орой нь нөхрийг нь дуудуулсан боловч ирээгүй. Энэ тухай албан ёсны мэдээллийг бид удахгүй өгнө” гэлээ.

Талийгаачийн ээжийн мэдээлснээр охин Ч нь тавдугаар сарын 23-ны пүрэв гаригт "Өргөө" амаржих газрын төлөвлөгөөт хагалгаанд орохын тулд хэвтсэн байна. Энэ тухай тэрбээр “Миний охин эмнэлэгт долоо хоноод өчигдөр 17.38 цагийн үед “Ээжээ зүгээрээ, дусал хийсэн” гээд ярьсан. Орой 10.27 цагийн үед нөхөртэйгөө ярихад зүгээр байсан.  Харин 03:19 цагийн үед нөхөр рүү нь танихгүй дугаараас залгаад эхнэр чинь сэхээнд байна, хурдан ир гэсэн. Ирэхэд нь нөхрийг нь оруулаагүй бөгөөд өрөөндөө ганцаараа өнгөрсөн байсан юм билээ. Жижүүр эмч О гэдэг эмч байсан. Сэхээнд байгаа гэж худлаа ярьсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Биднийг ирэхэд бүх юмыг нь цэвэрлэчихсэн. Хамраас нь цус гарсан байсан. Гомдолтой байна. Хоёр хөлөөрөө явж ирсэн хүүхдийг минь ийм болгочихлоо. Өрөөндөө, орон дээрээ ганцааранг нь ургаас нь ч салгаагүй байсан. Малыг хүртэл ургаас нь салгадаг шүү дээ. Эмнэлгийн захиргаанд би одоо өргөдөл бичээд сууж байна. Энэ бүхнийг би худлаа гэж бодоод сууж байна” хэмээн хэвлэлийнхэнд тайлбар хийгээд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү