ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган энэ сарын 27-28-нд болно


3 долоо хоног

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг 2019 оны тавдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамжийн асуудлуудыг хэлэлцэх юм.

Чуулган:

  1. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн
  2. Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь
  3. Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь
  4. Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжилнэ. 

Түүнчлэн төлөөлөгчид хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлаар хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгээс гарсан саналыг Төгсгөлийн баримт бичигт тусгах юм.

Монгол Улсын Их Хурал олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.

Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 30 гаруй орон болон олон улсын байгууллагыг төлөөлсөн 100 гаруй төлөөлөгч оролцох юм.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Монгол Улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодод гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр Мексик Улсын иргэн, хатагтай Габриэла Куэвас Баррон 2017 оны 10-р сараас сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр Улаанбаатарт болох чуулганд ирж оролцох юм.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү