О. Баасанхүү: Г.Батхүү агсныг нас барсан байхыг би хамгийн түрүүнд харсан. Шууд ТЕГ-т мэдэгдсэн


5 жил

УИХ, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Г.Батхүү агсныг засгийн газрын хуралдаан болдог танхимын үүдний гонхны харалдаа нэг давхарт унасан байдалтай байхыг хамгийн түрүүнд харсан гэрчүүдийн нэг нь О.Баасанхүү гишүүн ажээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 "Тухайн өдөр би 18 цаг өнгөрөөгөөд /чуулган тарсны дараа/ ажлын өрөөнөөсөө гарч ордны баруун жигүүрийн нэг давхраар явж байтал нэг хүн газар хэвтэж байсан. Би шууд хараад Г.Батхүү агсныг байна гэж таниагүй. Яг хэдэн цаг минутад тэр хүнийг харснаа хэлж болохгүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй нь тулд. Талийгаач тухайн үед толгойдоо гэмтэл авсан уу, үгүй юу гэдгийг би бас мэдэхгүй. Ямартаа ч миний харснаар унасан хүний толгой нь орчим нэлэнхийдээ цус болсон бөгөөд хамар амнаас нь цус гарсан байсан. 

Ингээд би шууд Тагнуулын ерөнхий газарт мэдэгдсэн. Энэ нь ч учиртай. Яагаад гэвэл Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай газар. Хуулиараа хамгаалуулдаг. Би өөрөө хуульч хүн учраас ийм тохиолдолд хаашаа хандах вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ гадарлана. Тагнуул өөрсдөө цагдаагийн байгууллагад мэдэгдэх журмын дагуу мэдэгдсэн. Би 20 гаруй жил хуульчаар ажилласан, эрүүгийн хэргийн хавтаст хэрэг дээр ажиллаж байсны хувьд ямар арга хэмжээ авахаа сайн мэднэ. Ингээд намайг мэдээлэл өгсний дараа 103 ирсэн. Тэд үзлэг хийгээд нас барсан байна гэдгийг тогтоосон. Цагдаагийн байгууллага угаасаа хоцорч ирэх нь тодорхой учраас би нөхцөл байдлыг баримтжуулж, фото зургийг нь авч тэр зургаа цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэлээ.

-Ямар нэгэн дуу чимээ сонсогдсон уу?

-Би дахин хэлье. Манай өрөөнд дуу чимээ сонсогдохгүй. Яагаад гэвэл манай өрөө хоёр давхар өрөө, дээрээс нь давхар хаалгатай. 111 номер буюу хэрэг учрал болсон газрын наад талын өрөө. Би өрөөнөөсөө гараад унасан байхыг нь харсан. Тэр өглөө Засгийн газрын хуралдаан болсон. Дараа нь ямар нэг юм болсон юм болов уу гэж урьдчилсан таамаглалаа хэлсэн. Хуулийн байгууллага гадны нөлөөтэй байсан уу, үгүй юу гэдгийг тогтоож байгаа байх.

 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү