Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн


5 жил

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцеветмент” компанийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Монголбанк, Татварын ерөнхий газар хамтран “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцеветмент” компанийн үйл ажиллагаанд хоёр сарын турш шалгалт хийсэн. Шалгалтынхаа дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийтдээ 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн.

Нэгдүгээрт, 2016 оны долдугаар сард компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь компанийн тухай хууль зөрчсөн. Ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа, тэргүүн дэд захирал нь хүний нөөцийн асуудлаа, хууль эрх зүйн газрын дарга нь үндсэндээ бусад бүх үйл ажиллагаагаа хариуцдаг байхаар шийдвэрлэсэн. Энэ компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. 49 хувийг эзэмшсэн гэрээ хэлцлийнхээ үр дүнгээр ийм үйл ажиллагаа явуулсан. Гэвч энэ асуудал нь хууль бус гэдгийг Цэц дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 51 хувийг эзэмшигч талд хууль бусаар халдсан.

Компани бол мөнгөний гүйлгээг нэг, хоёрдугаар гарын үсгээр хийдэг. Гэтэл мөнгөний дүнгээс нь шалтгаалаад гүйлгээ хийх эрхийг олон хүнд хуваарилж өгсөн. Энэ шийдвэр нь санхүүгийн сахилга батыг бүрэн утгаар нь алдагдуулсан.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийгээд 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгаа авсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар авч үзвэл “Эрдэнэт” үйлдвэр энэ хоёр аж ахуйн нэгжээс 16.7 тэрбум төгрөгийн авлагатай байна.

Ногдол ашгийн зөрчил мөн илэрсэн. Өмнө нь гарчихсан байсан ногдол ашгийг Монголын зэс корпорац руу хоёр удаагийн гүйлгээгээр 55.8 ам.доллар шилжүүлсэн байна. Ингэхдээ татвар төлөөгүй. Үүнийг дахин нягталж үзэх ёстой.

“Эрдэнэт” үйлдвэр өөрөө 64.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгуулсан эмнэлгээ хувийн компанийн нэр дээр шилжүүлсэн зөрчил илэрсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

“Эрдэнэт” үйлдвэр өөрөө цэвэр зэс экспортолдоггүй. Гэрээгээр хайлуулах, цэвэршүүлэх ажлыг хийлгэдэг. Зэсээ хайлуулах, цэвэршүүлэх зардал нь дэлхийн дунджаас өндөр байна гэж үзэж байгаа. Энэ зардлаа бууруулах үүргийг удирдлагуудад нь даалгасан.

Нийтдээ төрлийн буюу 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил илэрсэн. Энэ мөнгийг төсөвт оруулах ёстой. Гаалийн татвартай холбоотой 1.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн.

Гаргаж байгаа зэсийн баяжмалынхаа сорьцыг гаалийн төв лабораториор хянуулдаггүй. Хувийн компанитай гэрээ байгуулаад сорьцоо тогтоолгодог. Түүндээ үндэслэж татвараа төлдөг. Энэ зөрчлийг арилгах нь зүйтэй гэж үзэж байгаа.

2016-2019 онд нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн хандив, тусламж олгосон байна.

Хамгийн том зөрчил нь худалдан авах ажиллагаанд бий. Нийтдээ 2336 гэрээ байгуулахдаа 1492-ыг нь шууд байгуулсан байна. Үйлдвэрийн захирал нь хуулиас давсан худалдан авах журам батлаад түүгээрээ худалдан авалтын үйл ажиллагааг явуулж байсан. Энэ журмыг нь хүчингүй болгож хууль хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон. Шууд гэрээний ард санхүүгийн чадваргүй, туршлагагүй аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийсэн зөрчлүүд бий. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудалд ирэх жил бас шалгалт хийнэ. Үйлдвэрийнхээ онцлогтой холбоотойгоор шууд гэрээ байгуулах тохиолдол байдаг. Түүнийг нь бол зөрчил гэж үзэхгүй байгаа.

“Стандарт” банкинд 40 сая ам.доллар төлсөн. Энэ мөнгийг холбогдох буруутай этгээдүүдээр нь төлүүлэх ёстой.

Ер нь өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь хэрэгжихгүй. Зүгээр нэг газрын дарга нь компанийн захирал шиг ажилладаг байсан нь тогтоогдсон” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү