Д. Тогтохсүрэн: Хяналтын хорооны шийдвэрийг бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа


5 жил

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт МАН-ын Хяналтын хорооноос хариуцлага тооцохоор болсон. Тодруулбал, намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. 

Харин энэ асуудалд Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар байр сууриа илэрхийлж, "УИХ-ын ажилд нам оролцож болдог юм уу. Нэртэйгээр нь намаас хөөчих" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

-Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт намын Хяналтын хорооноос хариуцдлага тооцохоор болжээ. УИХ-ын үйл ажиллагаанд нам оролцож болдог юм уу? 

-Намын Хяналтын хорооноос буруу шийдвэр гаргасан гэж бүлгийн зүгээс үзэж байна. Би Хяналтын хорооны дарга Батбаатартай хоёр ч удаа ярьсан. Ш.Раднаасэдэд хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан, Д.Дамба-Очирт Оюутолгойд материал өгсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцохоор болсон байна лээ. УИХ-ын гишүүн бол чуулган, байнгын хорооны хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээж болохгүй. 

-Тэгэхээр Оюутолгойд материал өгөх нь Д.Дамба-Очир гишүүний зөв үү? 

-Д.Дамба-Очир гишүүний бичиг өгсөн явдал бол хуульчилсан юм байхгүй. Улсын нууцтай холбоотой юм гаргаж өгсөн зүйлгүй. Шалгуулсан байгууллага хүсэлт гаргасны дагуу хүсэлтэд нь бичиг өгсөн юм байна лээ. Тиймээс ийм арга хэмжээ авч болохгүй. Хяналтын байгууллагад дахиж хуралдаач ээ гэсэн хүсэлтээ өгсөн. 

-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэлэлцэхэд юу саад болоод байгаа билээ вэ? 

-Оюутолгойн дүгнэлтийг ирэх Даваа гаригт бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Тэгээд байнгын хороогоор хэлэлцээд явна. 

-Хяналтын хороо шийдвэрээ эргэж өөрчлөх боломжтой байдаг уу? 

-Ямартай ч дахин нэг хуралдаж, шийдвэрээ эргэж хараач гэж албан ёсоор хүсэлт тавьсан. 

-Бүлэг энэ асуудлаар хуралдаад байр сууриа нэгтгээд албан ёсоор хүсэлт өгсөн гэсэн үг үү? 

УИХ-ын гишүүнийг байр сууриа илэрхийлснийх нь төлөө, байнгын хорооны даргыг албан бичиг явуулсных нь төлөө ийм шийтгэл гаргаад байвал цаашид гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах уу. Зүгээр нэг хэвлэлээр гарсан зүйлээс болж арга хэмжээ аваад байвал энэ 64 гишүүн дотор арга хэмжээ авахуулахгүй хүн олдохгүй. Ер нь бүлгийн гишүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү