Хошууч генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор боллоо


5 жил

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, Хошууч генерал Б.Хурц өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ЭЦГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр 15 хоног цагдан хорих захирамж гарсан байдаг. Тэгвэл цагдан хоригдох хуулийн хугацаа өнөөдөр дуусч, үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргажээ. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн шүүхийн Хэвлэлийн албанаас тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг ЧД-ийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгаж шийдвэрлэсэн болно" гэлээ. 

Түүнийг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа билээ.

Харин тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй тухай албанаас мэдээлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү