Үндэсний үсэг бичгийн баярын нээлт Үндэсний номын санд болно


5 жил

             Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх,  эх хэл,  бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр”  2019 оны 5 дугаар сарын 03-наас 08-ны өдрүүдэд  болно.

         Энэ жил улсын хэмжээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан 120 гаруй   төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл,  уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд  хамтран хийнэ.

       Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах  уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээг орон даяар зохион явуулахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг – Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран  “Аймаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах” ажлыг зохион байгуулж байна.

Мөн Монгол бичгийн нийгэмлэгээс Үндэсний бичгээр улирал тутам гардаг “Уламжлал”  сэтгүүлийн 2 дугаар улирлын дугаарыг  “Үндэсний бичиг үсгийн баяр-2019” арга хэмжээнд зориулан гаргаж,  уншигчдын хүртээл болгоно.

 “Үндэсний  бичиг үгийн баяр-2019” арга хэмжээний нээлт 2019 оны 5-р сарын 3-ны 11.00 цагт  Монгол Улсын Үндэсний номын санд болно.

Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар,  Үндэсний номын сан.

Хамтран зохион байгуулагч: Хүүхдийн төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС-ийн  ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим , “Бичиг соёл, боловсролын” төв, Аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд            

   Харилцах утас: 264943, 323100, 70112397, 318921, 70115705,

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү