Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг жолооч нар АТҮТ-ийн гадаа жагсаал хийлээ


5 жил

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг жолооч нар өнөөдөр Авто тээврийн үндэсний төвийн гадаа жагсаал хийлээ. 

 

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ  08:00, 15:00, 18:00, 20:00 цагуудад явдаг байна. Гэтэл АТҮТ-өөс өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 12-ноос эхлэн 19:00 цагийн шинэ давтамж нэмж, “Чингүн хурд” компанид өгөх шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотойгоор жолооч шударга бусаар дамтамж өглөө хэмээн уг жагсаалыг зохион байгуулсан юм.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицууагч Б.Жагар 

 

“Нөхөрлөл зам хоршоо”,  “Мин транс” компани нь 19:00 цагт давтамж авах  талаар удаа дараа хүсэлтийг АТҮТ-д  өгсөн байсан. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Чингүн Хурд Транс ” компанийг 19:00 цагийн давтамжид оруулсан байна. Энэ нь цаанаа АТҮТ хууль бус үйлдэл хийдэг гэдгийг нь харуулж байгаа хэрэг. Хууль тогтоох дээд байгууллага нь АТҮТ-ийг цэвэрлэ. Өнөөдөр  тэмцсэн ард түмэн, жолоочид буруутай биш" гэв. 

АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэн "

 

АТҮТ-өөс гаргасан шийдвэр нь албан бусаар, гэрээгүйгээр нэмэлт автобус гаргаж явуулдаг байдлыг бид цэгцэлсэн төдий. Өөрөөр хэлбэл, албан ёсоор баталгаажуулах үүднээс энэ сарын 12–ноос эхлэн 19:00 цагийн давтамжийг шинээр нэмж оруулан “Чингүн хурд транс” компанид өгсөн.

Энэ байдлыг ойлгохгүйгээр манай хоёр компани бид нар явах ёстой гэж үл ойлголцлын асуудал үүсгээд байна. Бид Авто тээврийн тухай хууль, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын хүрээнд гэрээ байгуулдаг. Гурван компанийн хувьд гурвуулаа нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх стандарт шаардлагыг хангачихсан.

 Гэхдээ үндсэн тээвэрлэгчид нь болох “Нөхөрлөл зам хоршоо, “Мин Транс” компани нь 18:00, 20:00 цагуудад албан бус төлөвлөлт хийж, нэмэлт хийн хоёр тээврийн хэрэгсэл гаргадаг байсан юм.

Тээвэрлэлтийн хүчин чадлаас нь харахад “Мин транс” компани паркийнхаа 84 хувийг, “Нөхөрлөл зам хоршоо” компани 54 хувийг ашиглаж байна. Харин “Чингүн хурд транс” компани долоон хоног нэг рейс /өдөр/ гүйцэтгэдэг ба паркийнхаа зургаан хувийг л ашиглаж байна. Цаана нь 90 гаруй хувийн нөөцтэй бий гэсэн үг. Тиймд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох үүднээс “Чингүн хурд транс” компаниас ирсэн хүсэлтийг үндэслэн давтамж гаргаж өгсөн хэрэг.

Түүнээс биш үндсэн явж байгаа хоёр компанийн явж буй цаг дээр оруулаагүй. Эрэлт байгаа учраас нэмэлт цагийг оруулсан гэдгийг иргэд болон жолоочид маань зөвөөр ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү