Д.Эрдэнэбат: С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлахыг Ц.Нямдорж сайдаас шаардаж байна


5 жил

ИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Өнөөдрийн зөвлөлийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байна. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт  бага,  инфляцийн төвшин буурахгүй өсч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн. Эдийн засгийн дарамт иргэдэд хүнд тусч байна. Хаврын чуулганаар эдийн засгийн нөхцөл байдлыг ярих ёстой. Тиймээс эрх баригчдыг дуулиан, шуугиантай хэргүүдээ нэг тийш нь болгохыг шаардаж байна. Төрийн мөнгийг дээрэмдэж, банк дампууруулдаг үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ эрхлэгчид, жижиг бизнесүүдийн авч болох хэргийг зохион байгуулалттай хийсэн. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарууд зогсонги байдалд орсон байна. 2018 оны зургадугаар сарыны 29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гарсан. Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ тогтоолын хэрэгжилтийг 2018 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр заасан ч хэрэгжсэнгүй. IPO хийгдээгүй, хувьцаа хаана ч зарагдаагүй. Үүнтэй холбоотой асуудал эрх баригчдын дунд асуудал дэгдээж байна. Төмөр замын асуудал нь шийдэгдээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа эхлээд барь гэж тогтоолд тусгасан. Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л экспортын орлогын өсөлтөөр Монгол Улс амьдарч байна. Энэ мэтчлэн тулгамдсан зүйлээс том бүтээн байгуулалтын ажил зогссон байна.

С.Зориг агсны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг замхруулах, бууруулах, завхруулах асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хэргийн захиалагчийг бид зайлшгүй олох шаардлагатай. Тийм учраас санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж тавих болно. Тийм учраас С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла гэж бид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардсан.

Үндсэн хууль тойрсон асуудал маш эрчимтэй яригдаж байна. Өнөөдөр ганц эрх баригчтай, бүлэгтэй УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан. Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн хүчин, дээр нь Ерөнхийлөгчийн саналыг тусгаж хэлэлцүүлэх ёстой гэдгийг эрх баригчдад сануулж байна" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү