Ш.Ганчимэг: Орон нутгийн удирдах байгууллагын эрхэнд халдаж байна


2 долоо хоног

Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр /2019.04.09/ тус дүүрэгт болж буй маргаантай асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурал Үндэсний мэдээллийн төвд болов. 


Нийслэлийн Ардчилсан намын бүлгийн Хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг болон тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа нар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд тус дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа “Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Баянзүрх дүүрэгт Ардчилсан намынхан эмх замбараагүй байдал үүсгэж байна мэдэгдэл хийсэн. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна. Баянзүрх дүүргээс 2016 оны сонгуулиар УИХ-д МАН-аас дөрвөн хүн сонгогдсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянзүрх дүүргээс долоон төлөөлөгч МАН-аас, хоёр төлөөлөгч АН-аас сонгогдсон. Намар нь болсон орон нутгийн сонгуулийн дүнгээр 41 мандаттай Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль болсноос АН 22 суудал авч ялалт байгуулсан. Харин МАН 19 суудал авч цөөнх болсон сонгуулийн дүн гарсан.

Одоогоос хоёр жил гаруйн хугацаанд дүүргийн сонгуулийн дүнг Сонгуулийн хороо гэдэг байгууллагыг ашиглан УИХ, нийслэлд олонх болсон МАН-ын эрх мэдлээрээ түрүү барьж, дүүргийн хурлын бүрэн эрхэд халдаж байна. Орон нутгийн эрх мэдлийг авахын тулд сонгуулийн дүнг хууль бус аргаар өөрчилж, булаах гэж оролдож байна. Энгийн жишээгээр харахад Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг нийлээд нийслэлийн хүн амын 50 хувийг эзэлдэг. Гэтэл Сонгинохайрхан дүүргээс УИХ-д зургаан хүн сонгогдсон. Нийслэлд ес, дүүрэгт 41 мандатаас 39 мандаттай МАН ялсан байдаг. Гэхдээ 2020 оны сонгууль дөхөж буй нэрээр хуулиас дээгүүр намын шийдвэр гарган дайрч байна. Тиймээс намын бүлгийн даргын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө хотын даргатай хуулиар мэтгэлцэхэд бэлэн байна” гэв.

Д.Оросоо: Хотын дарга хууль зөрчсөн захирамж гаргасан

Харин нийслэлийн Ардчилсан намын бүлгийн Хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо Баянзүрх дүүргийн нөхөн сонгуультай холбоотойгоор хууль зөрчсөн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тус дүүргийн нөхөн сонгуультай холбоотойгоор хууль зөрчсөн хэд хэдэн  асуудал байна. Үүнийг онцолж хэлэхгүй бол зөвхөн улс төрийн намын маргаан юм шиг хараад байгаа. Жишээлбэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны гуравдугаар сарын 29-нд Б/41, Б/42 гэсэн захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Баясахыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн өдрийн Б/42 дугаар захирамжаар Э.Бат-Амгаланг тус дүүргийн Засаг даргаар томилсон. Энэ захирамжийг гаргахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Баясах өөрөө ажлаас чөлөөлөх өргөдлөө өгсөн гэсэн хууль бус үндэслэлээр нийслэлийн Засаг дарга хууль зөрчсөн. Яг үнэндээ Т.Баясах ажлаас чөлөөлөх өргөдлөө гаргаагүй байсан. Тиймээс бид Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа” гэсэн юм.

Ш.Ганчимэг: Орон нутгийн удирдах байгууллагын эрхэнд халдаж байна

“Би Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2016 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр сонгогдсон. Өнөөдрийг хүртэл ажлаа хийж байна. Тус дүүрэгт үүсээд буй асуудал хоёр ч удаа давтагдаж байна. Өмнө нь 2017 оны гуравдугаар сарын 3-нд хэсэг бүлэг хүмүүс хаана ч юм хуралдаад, тухайн үеийн хотын Засаг дарга С.Батболд даргаар захирамж гаргаад, Э.Бат-Амгалан гэдэг хүнийг томилж байсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд, дүүргийн төсвийг батлалцаж байна. Гэтэл сая нөхөн сонгуулийн дараа гуравдугаар сарын 29-нд хэсэг бүлэг хүмүүс дахин хуралдаад, хотын Засаг даргаар захирамж гаргуулж, дахин Э.Бат-Амгалан гэдэг хүнийг дүүргийн Засаг даргаар томилоод байна. Энэ нь орон нутгийн удирдах байгууллагын эрхэнд дахин дахин халдаж байна” гэдгийг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү