М.Энхболд: Цагаан сарын өмнө УИХ шинэ ДАРГАТАЙ болно


5 жил

УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль өнөөдрөөс хэрэгжиж байгаа. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан нэр бүхий УИХ-ын 40 гишүүн /З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байгаа/ УИХ-ын даргыг огцруулах тухай албан бичгээ өргөн барилаа.  

 УИХ-ын тухай хуулийн 10.3, 10.4-т заасан журмаар нэн яаралтай дэгээр хэлэлцэх хууль баталсан тул дээрх гишүүд энэ асуудлыг нэн яаралтай журмаар өнөөдрийн чуулганаар хэлэлцэхгүй бол чуулганы нэгдсэн хуралдааныг гацаахаас аргагүй боллоо хэмээн мэдэгдээд байгаа.  

 Үүнд УИХ-ын дарга М.Энхболд хариу тайлбар хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна. Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ надад өргөн барилаа. Би хүлээж аваад 20 минут болж байна.

 Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуультай. Энэ нь УИХ-ын даргын зөвлөл хуралдан захирамж гаргаснаар шийдэх ёстой. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцэх вэ гэдэг асуудлаар өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Мөн би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцлоо. Байнгын хорооны дарга өнөөдрөөс хойш чуулган хуралдуулах боломжтой хамгийн бололцоотой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гарагийн 29-ний өдөр байгаа. Энэ өдөр 09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр ярилцсан.

 Би албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс Цагаан сарын баярын наана шинэ УИХ-ын дарга томилогдож, төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх гэж үзэж байна. Тиймээс дараагийн УИХ-ын  дарга сонгогдох хугацааг бодолцож, чуулган хуралддаг өдрийг хоёр хоног нааш нь татах захирамж гаргах бодолтой байгаа” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү