Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганыг сунгаж хуралдуулах санал гаргалаа


5 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээжээ. Уг албан бичигтээ "УИХ-ын  дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо.

Тухайлбал, УИХ 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулан, хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүйд хүрч байна.

Төрийн эрх барих дээд байгууллага ийм үр дүнтэй ажиллаж байгаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, гол шалтгаан болохоос гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн …сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг тус тус зөрчих нөхцөлд хүрнэ.

Ийм нөхцөлд УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь хаах боломжгүй бөгөөд чуулганы хугацааг зайлшгүй сунгаж, шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянан шалгах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох зэрэг онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага маань баталсан хууль, тогтоомжоо үлгэрлэн хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллах ёстой. Үүний хүрээнд УИХ 2018 оны зургадугаар сарын 29-ний 69 дүгээр тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, зохих түвшинд нь хэрэгжүүлэх шаардлагатай юм.

УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь гишүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх нь УИХ-ын даргын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарна.

Иймд УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байна” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү