АН: УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй


5 жил

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй гэдгээ энэ үеэр мэдэгдэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах тогтоолын төслүүдийг боловсруулж гарын үсэг зурах ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зураад байна. УИХ-ын үйл ажиллагаа цаашаа явахад маш хүндрэлтэй болж байна. Тиймээс энэ их хурал тарж энэ хавар ээлжит бус чуулган явуулах ёстой гэж үзэж байна. УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 25-наас дагаж мөрдөх шийдвэрийг гаргасан. Гарын үсэг цуглуулах ажиллагааг урьдчилан хийж байна. Гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр гарын үсэг зурах байх. АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй. УИХ-ын намрын чуулган хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. Нийт 50-иас доошгүй хоног хуралдах хуулийн заалттай. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжрах юм бол ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулаад энэ асуудлаа нэг тийш болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэсэн юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгсөн гэх асуудал  нь  юу болсон бэ?.

-Л.Болд гишүүн өнөөдрийг хүртэл АН-ын гишүүн хэвээр байгаа. Л.Болд гишүүн АН-ын квотоор нэр дэвшиж, жирийн гишүүдийн дэмжлэгтэй энэ их хуралд сонгогдсон. Л.Болд гишүүн АН-ын үндсэн дүрмийн дагуу өргөдлөө гаргах үүрэгтэй. Эхний өргөдөл үндсэн дүрэмд нийцээгүй. Тиймээс энэ сарын 17-нд  намын үндсэн дүрмийн дагуу анхан шатны байгууллагад өргөдлөө гаргасан байна. Нам дүрмийнхээ дагуу шийдвэрээ гаргаад явна. Намаас Л.Болд гишүүнийг намаас хасах шийдвэр ирүүлбэл бүлэг хэлэлцэнэ.

-УИХ-ын даргыг огцруулах бичигт танай намын бүлэг  гарын үсэг зурахгүй гэж ойлгож болох уу?

-АН-ын бүлгийн гишүүдийн сүүлийн гарын үсэг бол УИХ тарааж, ээлжит бус сонгууль явуулах бичиг. Бид өөр ямар ч бичиг баримт дээр гарын үсэг зурахгүй гэдгээ  тодорхой хэлье.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү