Хотын шинэ дарга С. Мөнхчулуун


5 жил

МАН-ын  Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу хоёр жил гаруй хугацаанд Нийслэлийн Засаг даргаар ажилласан Су.Батболд өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сард ажлаа өгснөөр хотын даргын суудал сар гаруй хугацаанд эзгүй байсан юм. Шинэ оноо даргагүй угтсан хотыг удирдлагатай болгох НИТХ удаа дараа хойшлогдсоны эцэст өчигдөр /2019.01.16/ болж, шинэ даргаа тодрууллаа.

Улаанбаатарын удирдлагыг гартаа авахаар У.Хүрэлсүхийн фракцийнхан "Оюуны ундраа"-гаар овоглож ирсэн С.Амарсайханыг "сойсон" боловч ялагдал хүлээв. МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргаар С.Амарсайханыг, НИТХ-ын даргаар Р.Дагва нарыг томилуулах шийдвэр гаргасан. С.Амарсайхан нь МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн бол Р.Дагва нь нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын фракц.

Хотын шинэ даргыг тодруулах НИТХ-ын үеэр нийслэлийн төлөөлөгч С.Мөнхчулуун хууль заасан эрхээ эдэлснээр тэрбээр ялалт байгуулсан байна.  С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар эхний санал хураалтаар тэнцсэн.  Хоёр дахь санал хураалтаар нийт 43 гишүүний 24 нь С.Мөнхчулууныг хотын шинэ даргаар томилох шийдвэр гаргасан билээ. Ингээд коммунист намынхаа шийдвэрийн эсрэг ардчиллыг мэдрүүлж, заалнаас нэр дэвшээд ялалт байгуулсан С.Мөнхчулуун гэж хэн бэ?

Тэрбээр нийслэлийн унаган хүүхэд, Орбитод өссөн. Аав нь цэргийн хүн. Өдгөө 40 настай.

ЭЗЭМШСЭН БОЛОВСРОЛ:

1997- 2001 Техникийн их сургуулийн механик инженерийн анги, ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг төгссөн бөгөөд Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

ТӨРД АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  •  2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн
  • 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга,
  • 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

СОНГУУЛЬТ АЖИЛ: 

  • 2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга,
  • 2016 оноос Нийслэлийн намын хорооны гишүүн,
  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн,
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн,
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2016 оноос НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга,
  • 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллажээ.

Хотын шинэ даргыг тодруулах НИТХ-ын дараа С.Мөнхчулуун "НИТХ-ын 43 төлөөлөгч ирснээс 24 төлөөлөгч намайг нийслэлийн Засаг даргад дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болоод байна. Нийслэл гэдэг том  айлыг удирдаж явах нийслэлчүүдийн ажил амьдралын цаашдын асуудлыг шийдэх учраас миний хувьд хамгийн эхэнд МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг  100 хувь биелүүлэхийн төлөө  ажиллана. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа утаа, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот болох ёстой. Энэ ажлуудыг хийхийн тулд нийслэлийн 45 төлөөлөгч есөн дүүрэг 33 агентлаг 28 төрийн өмчит газруудад хяналт тавьж ажиллана” гэсэн байна.

Хуульд зааснаар Ерөнхий сайд  нийслэлийн Засаг даргыг тав хоногийн дотор батламжлах ёстой.  Хэрэв НИТХ-аас ирүүлсэн саналыг Ерөнхий сайд хүлээн авахгүй гэж үзэн, буцаах юм бол НИТХ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцээд, дахин санал хүргүүлэх аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү