У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй


5 жил

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулъя гэсэн байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 54.8 хувь нь Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй.  Ерөнхий сайдыг огцруулахаар гаргасан саналыг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуухаар нэрсээ өгсөн 12 гишүүн Ерөнхий сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан. Харин чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, А.Ундраа, Ё.Баатарбилэг, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, М.Билэгт нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, олон жил хүлээгдэж байгаа нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, мөн эрчим хүч, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, хүнс гээд манай Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бий. Эхлэл нь тавигдсан ажлууд ч бас байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар бололцооны хэрээр ажиллаж байна.  

Би Ерөнхий сайд болсноос хойш нийгэмд шударга ёс тогтоох, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг төрийн албаны бүх шатанд хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж тогтвортой хадгалах гэсэн гурван зүйлийг гол болгон ажиллаж байгаа. Энэ зарчмаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ хэлж байсан, цаашид ч энэ зарчмаа тууштай барьж ажиллана. 

Одоо бид эх орноо бодох цаг болсон. Тиймээс нийгмийн шударга ёсны төлөө хамтдаа тэмцэхийг эрхэм гишүүд та бүхэнд уриалж байна.

Засгийн газар огцорсон ч, эс огцорсон ч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө би тэмцэх болно, энэ байр суурин дээрээ хатуу зогсох болно гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү