ОБЕГ- аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ


5 жил

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар оролцсон юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Ховд, Говь-алтай, Увс аймагт нийт 200 гаруй  гэр, 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр салхинд хийсч нурсны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учирсан.

Мөн хүчтэй салхины улмаас Увс  аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нийт 52 суманд цахилгаангүй болсон юм. Цахилгаан дамжуулах тулгууруудыг босгохоор Эрчим хүчний яамны 170 гаруй ажилтан, 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2 тулгуур баганыг босгож, хэвийн үйл ажиллагаанд оруулаад байна.

Тэгвэл Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн орон гэргүй болсон 160 гаруй айл өрхөд гэр олгохоор шийдвэрлэж, өнөөдөр гэр хүргэх цувааг Баруун аймгууд руу  хөдлөхөөр болжээ.

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр ахуйн гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

Он гарсаар улсын хэмжээнд нийт 3080 удаагийн объектын гал түймрийн улмаас 37 хүн түлэгдэж, гэмтсэн бол  68 хүн амь насаа алдсан байна.  Үүний  49 нь  том хүн, 19 нь  хүүхэд  байгаа юм.   Тиймээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү