З.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хоёрхон кноп дутлаа


5 жил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны Монгол Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар дэмжсэнгүй.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын байр суурийг тодрууллаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Хоригийг хүлээж авахгүйгээр шийдчихсэн учраас худлаа шалтаг хэлээд байна л даа. Д.Оюунхорол гишүүний ахалж байгаа ажлын хэсэг төсвийг шинээр хийгээд бэлэн болгочихсон байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлсэн саналын дагуу засвараа хийсэн гэсэн үг. Үүнийг нь Сангийн яам хүлээн авч, тухайн өдөр нь буцаагаад, Засгийн газрын хуралдаанаар оруулбал болох гээд байгаа юм. Дахин яамдаас санал авах ямар ч шаардлага байхгүй. Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нарын ярьж байгаа зүйлс бүгд худлаа.  Ажлаа мэдэхгүй байгаа хэрэг.

-Ерөнхийлөгч төсөвт хэсэгчлэн хориг тавих боломжгүй байсан юм уу?

-Төсөв маш зузаан. Энэ дундаас нь аль нэгийг сугалж аваад, нөгөө талд нь оруулбал бүрэн нааш, цааш нь хөдөлгөж болох эрх чөлөө болдоггүй. Тиймээс хаана хаанаас хасаж, хаанаа нэмэхийг нь Ерөнхийлөгч хэлэх боломжгүй. Тэр бол Засгийн газар, УИХ хоёрын ажил. Өөрөөр хэлбэл, хаанаа юу нэмэхийг нь бүрэн эрх чөлөөтэй хийхийн тулд хоригийг бүхэлд нь тавьсан. Хэрэв төсөвт хэсэгчлэн хориг тавьсан бол хөдөлгөх боломжгүй болгочихож байгаа юм.

-Анхнаасаа 500 тэрбум төгрөгийг дагуулж оруулж ирэх шаардлага байсан юм уу?

-Угаасаа үндсэн шаардлага нь энэ. Уул уурхайгаас хараат болж, жил болгон гардаг 15 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг болохгүй бол жил бүр хямралд өртөнө л гэсэн санаа. Сая байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд нэг зүйлийг буруу ярьж байна. 42 сая тонн нүүрс зарна гээд үнийн дүнг нь өсгөөд тавьчихсанаа хамгаалаад байна. Хятад улс хоёр сар нүүрс авахаа больчихлоо, дэлхий даяар. Ирэх жил нүүрс худалдаж авах эсэх нь тодорхойгүй. Ийм байхад энэ жил зарснаасаа 15 сая тонн нүүрс илүү зарна гэж байгаа нь зүгээр л хорлож байгаагийн илрэл. Энэ бүтэхгүй. Ийм орлого орж ирэхгүй. Тэгэхээр төсөвт бичсэн 11.5 их наяд төгрөгийн зарлага худал гэсэн үг. Манай улс нүүрснээс хоёр тэрбум төгрөгийн орлого олж байгаа. Хятадын хил хаагдвал энэ орлого үгүй болно. Ийм найдваргүй төсвийн төсөөлөл хийснийг ганц Ерөнхийлөгч шүүмжлээд байгаа юм биш. Аудитын байгууллагаас ч худал төсөөлөл байна гэдгийг нь хэлээд байгаа. Төсвийн энэ алдааг засах бололцоо байсан. Ерөнхийлөгч 10 сарын 1-ний өдөр төсөв хүлээж авсан. Аравдугаар сарын 12-ны өдөр хоёрдугаар хэлэлцүүлгээр засах боломж байсан. Засгийн газар ойлгосон. Ингэх нь зөв. Энэ ажлыг хийж байж уул, уурхайн хамаарлаас гарах юм байна. Ирэх жил олон сая тонн нүүрс нь зарагдахгүй юм байна гэдгийг ойлгосон. Яг засвар хийх болохоор намаараа ялгараад кнопдоод байна. Л.Болд, Ж.Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авах байсан. Хоёрхон кноп дутлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү