Амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дахин хойшлов


5 жил

“Очир” төвийн зочид буудлын өрөөнд амиа алдсан 13 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд боллоо. Гэвч шүүх хурал эхэлсэн даруйд хоёр хоногийн дараа арван цагт болохоор хойшлуулж шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг шүүх хурал ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Өмгөөлөгч П.Цэрэнпунцаг өвчтэй гэх шалтгаанаар “Эмчийн нарийн үзлэг хийлгэх учир  шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” хэмээн бичиг ирүүлсэн аж. Харин шүүгч нар өвчтэй гэх эмчийн бичиг хуурамч гэж үзэж түүнд торгуулийн арга хэмжээ авахаар шийдэв. Түүнийг шүүх хурлын шийдвэрлэх явцад санаатайгаар нөлөөлсөн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 15,7,2-т заасны дагуу шүүх хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй гэх гэж үзэж 300 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Өнөөдрийн шүүх хуралд иргэний хариуцагчаар “Очир төв”-ийг дуудсан боловч ирээгүй байна. Шүүхээс иргэний хариуцагчаар татагдсан “Очир”  төв анх нийгэмд хамгийн буруу мэдээлэл түгээсэн байдаг. Тодруулбал, хэргийг үйл явдлыг буруугаар тайлбарласан, мэдүүлэг худал өгсөн, хохирогч охиныг согтуу орж ирсэн, хохирогчийг байнга үйлчлүүлдэг байсан хэмээн нийгэмд түгээж нас барсан охины нэр хүндийг ноцтойгоор гутаан доромжилсон, ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хохирол учруулсан. Мөн тухайн хэрэг гардаг өдөр тухайн охин аврал эрж хашгирч байхад ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй зэрэг шалтгаанаар бага насны хүүхдийг амиа алдахад хүргэсэн гэх үндэслэлээр татах байсан боловч шүүх хуралд ирээгүй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү