Ж.Мөнхбат гишүүний хэвлэлийн зөвлөхийг гэмтээсэн этгээдийг саатуулжээ


5 жил

 УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ сарын 17-18 шилжих шөнө түүний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх рүү үл таних этгээдүүд халдсан гэх мэдээллийг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн.

  Тэрбээр, “УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж, төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал, эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” гэж бичсэн байсан билээ.

   Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн I дэх хэсэгт зааснаар дээрх хэрэгт бүртгэл нээн, мөрдөн шалгасан. Ийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэлийн зөвлөх “З” үеэлтэйгээ маргалдсаны улмаас гэмтэл авсан нь тогтоогджээ.

   Тодруулбал, энэ сарын 17-18-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед гишүүний хэвлэлийн зөвлөх “З” өөрийн үеэл дүү “М”, дүүгийнхээ найз “М” нартай Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг“Айриш паб”-ын вип өрөөнд орж, архи ууцгаажээ. Улмаар хоорондоо маргаж, “З” ширээн дээр байсан лаазтай задлаагүй ундааг л дүү “М”-рүүгээ шидэж цээжин тус газар нь оножээ. Энэ үйлдлийнх нь дараа “М” зөрүүлэн шидсэн нь “З”-ийн толгойг онож, гэмтэл учруулсан (хагалсан) болох нь тогтоогдсон байна. Тиймээс сэжигтэн “М”-ийг өнөөдөр 01:50 цагт баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгчээ.

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, нэгнийгээ гэмтээсэн дээрх хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү