“Чингис хаан” одонг хүртэх эрхтэй, дэлхийд Монголоо сурталчилсан хүн байхгүй гэж үү?


1 долоо хоног

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг дор Үндэсний бахархлын өдрөөр “Чингис хаан” одонг тусгай шалгуур давсан эрхэмд гардуулдаг билээ. Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн материалуудаас шалгуурт тэнцсэн хүн байхгүй учраас шагналыг өгөхгүй, өнжиж байгааг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ. Харин үүнээс үүдсэн маргаан салбар салбарт өрнөж эхэллээ.

Тухайлбал, утга зохиолын салбараас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртэж байхад олон хэл дээр зохиол бүтээлээ хэвлүүлж, Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчилж буй Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсан “Чингис хаан” одон яагаад хүртэж болдоггүй юм. Мөнхүү Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар тус одонг хүртэж болсон байхад дэлхийн олон тайзан дээр түүнтэй мөр зэрэгцэн дуулсан төдийгүй олон улсын тэмцээнд шил дарсан амжилт гаргаж, дэлхийн сонгодог урлагийн бүхий л том театруудад уригдаж дуулж яваа,  Гавьяат жүжигчин Э.Амартүвшин яагаад шалгуур хангадаггүй юм гэх зэргээр шүүмжлэл өрнүүлээд эхэлсэн байна.

Харин нөгөө талаас заавал жил бүр олгох дүрэм журамгүй “Чингис хаан” одонгийн шалгуур чанга, босго өндөр байх ёстой. Тиймээс зөв гэсэн нь ч байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ тухай дурдахдаа "Чингис хаан одонгийн эзэнд төрийн бус байгууллага болон иргэдээс санал ирүүлдэг. Энэ жилийн хувьд 5-6 хүний материал ирүүлсэн байсан. Гэхдээ энэ хүмүүс дунд өмнөх жилүүдийн Чингис хаан одонгийн шалгуурт тэнцэх хүн байгаагүй учраас энэ жил Чингис хаан одонг гардуулахгүй гэж үзсэн. Ер нь бол энэ шагналыг заавал хэн нэгэнд олгоно гэсэн зүйл байхгүй, шалгуурт тэнцсэн хүн байх ёстой" гэсэн тайлбарыг албан ёсоор өгчээ.

Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын энэ байр суурьтай дөрөө харшуулан салбар салбарынхан өөрсдийнхөө шилдгийг дор бүрнээ тодруулаад эхэлсэн нь чамгүй бухимдасных биз ээ. Тухайлбал, дуурийн дуучин Э.Амартүвшин  ОХУ-ын Улаан-Үд хотод 2011 онд болсон дуурийн дуулаачдын “Байкал” олон улсын уралдаанд  тэргүүн байр эзэлсэн цагаас хойш ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдааны II байр, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн, Барселонд болсон Каталоны  их дуучин, тенор  Франциско Винасын нэрэмжит олон улсын 50 дугаар уралдаанд II байр эзэлж, орос дуу хамгийн сайн дуулсны төлөө болон Сабадель хотын Дуурийн анд нөхдийн холбооны гэсэн хоёр тусгай шагнал, Их Британид болсон “BBC Cardiff Singer of the World” олон улсын уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын Сөүл хотод болсон “Seoul international music competition” наадмын III байр тус тус эзэлсэн, дэлхийд данстай дуучин учраас салбарынхан одонгийн шалгуур хангасан гэж үзэх нь аргагүй. Үүнээс гадна дэлхийд алдартай олон дуурьт амжилттай дуулсан гэдгийг ч давхар дайсан байна.

Тэгвэл, зохиолч Ч.Галсан бол Монголоос уран бүтээлээрээ өрнө дахинтай шууд харилцаж, өөрийн гэсэн уншигчидтай болсон цорын ганц зохиолч төдийгүй Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн арав дахь, Ази тивийн анхны зохиолч гэдгээрээ алдартай нэгэн. Мөнхүү дэлхийд алдар, бүтээл нь түгсэн Германы алдарт зохиолч Эрвин Штритматер, нэрт эрдэмтэн Эрика Таубе нараар бүтээлээ үнэлүүлсэн Азийн анхдагч зохиолч юм.

Тэрбээр “Эр хар сур”-аас эхлээд монгол хэл дээр арваад ном, герман хэл дээр 1981 оноос эхлэн 18 ном, англи хэл дээр арваад ном хэвлүүлэн, дэлхий дахинаа бүтээлээ танилцуулсан уран бүтээлч. Ч.Галсан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Оросын Холбооны Тува улсын Урлаг, соёлын Гавьяат зүтгэлтэн болж, Бавар муж улсын уншигчдын нэрэмжит шагнал, Герман хэлээр зохиолоо бичиж, дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал, жил бүр герман хэлээр гарсан уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг "Дуу амрах цагаар" туужаараа, Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х.Додрерийн шагналыг, улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавъяаны загалмайн одон тус тус хүртэж байжээ.

Үүнээс гадна спортын салбараас ч “Чингис хаан” одонгийн шалгуур хангасан тамирчдыг тэгвэл нэрлэж болно. Олимпийн хоёрхон аваргын нэг нь хүртсэн юм чинь нөгөө нь яагаад болохгүй юм гэж санал болгож ч болох байлаа. Шинжлэх ухаан, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд ч олон бий. Тэр бүхнийг нэг жил ч гэсэн алдалгүй урамшуулсан бол харин ч энэ шагналын үнэ цэнэ, үнэлэмж өндөр хэвээр, төрийн хүндэтгэлт ёслол жамын дагуу болох байсан бус уу. "Өгөх хүн олдоогүй" гэдэг тайлбар Чингисийн одонг шаардлага өндөртэй гэж харагдуулахаасаа илүү ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг санагдуулахаар сонсогдоод байгаа юм. Нөгөөтэйгүүр одоогийн Ерөнхийлөгч өмнөх нэг Ерөнхийлөгчийнхөө гаргасан зарлиг, түүнийг дагалдуулсан журмыг зөрчиж, төрийн нэр хүндтэй шагналыг өнжөөх болсон нь хачирхалтай.

Сануулахад, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар  энэхүү одонг буй болгож, Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 2005 оны долдугаар сарын 11-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр зарлигаар “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг баталж байжээ.

Журамд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улсын гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд “Чингис хаан” одонг олгоно гэж заасан байдаг.

Мөн журамд, жил бүр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр зарлиг гарган, уг одонг олгох, мөн өдрөөс 10 хоногийн өмнө “Чингис хаан” одонгоор шагнах хүнийг олон нийтэд зарлах, одон гардуулах ёслолыг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулахаар заажээ.  “Чингис хаан” одонг гардуулах ёслолын үндсэн зохион байгуулалт, одон хүртэгчийг алдаршуулах, тэдэнд үзүүлэх урамшуулал зэргийг мөнхүү журамд ч мөн тусгасан байдаг.  

Үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч нарын зарлигаар “Чингис хаан” одонг анх гардуулж эхэлснээс хойш Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Улсын Бага хурлын дарга, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, академич Х.Намсрай, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин  Г.Ариунбаатар, хамгийн сүүлд өнгөрсөн жил олимпийн аварга Н.Түвшинбаяр нарт олгосон билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү