Өнөөдөр Бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр


5 жил

Өнөөдөр намрын адаг сарын билгийн тооллын 22-ны өдөр. Энэ өдрийг Бурхны шашинт орнууд Бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр хэмээн зул хүж өргөх, гороолох, эцэг эхийн ач буяныг санан бусдад буян номд шамдан өнгөрүүлдэг. Бурхан багш одоогоос 2500 гаруй жилийн өмнө “сүрээр дарагч” гал морин жил МЭӨ 5 зууны 567-ийн зуны эхэн сарын арван таванд Лүмбинийд хаан эцэг Шүддходана, эх Махамаяа хатны хүү болон мэндэлжээ. 

Одоогийн Непалын баруун өмнөд нутаг Энэтхэгийн хилийн ойролцоо эртний Кабилабасту /одоогийн Тилоракотыд/ хотын балгас байх ажгуу. Энэ газар нь Бурхан багшийн эхийн хэвлийд оршсон ариун газар гэдэг. Зуны эхэн сарын арван тавны шөнө Махамаяа хатны зүүдэнд гурван мянган ертөнц бүгд үзэгдэж олон мянган тэнгэр, бурхад магтсан зургаан соёотой их заан баруун талаас ирж буй, огторгуйд завилан сууж, уул хаданд авирч, арслант ширээнээ суун ном айлдаж байгаа дөрвөн янзын зүүд зүүдэлжээ. Мөн хааны зүүдэнд Махамаяа хатныг олон охин тэнгэрүүд “Рид хувилгааны үл бүлээцэх” далай хэмээхэд хөтлөн аваачиж, угаалга үйлдээд, тэнгэрийн ариун хувцас өмсгөн далайн ойролцоох мөнгөн уулны доторх алтан уулнаас их цагаан заан буун мөнгөн ууланд авирч байснаа хойд зүгээс цагаан лянхуа цэцэг амандаа зуун өргөөнд орж ирээд хатны хэвтэх ор дэрийг гурван удаа хүндэтгэн эргэж, улмаар түүний баруун сугаар орж хэвлийд нь оршив гэж зүүдэлжээ. Хаан бээр энэ сонин зүүдний учрыг тайлах гэж жаран дөрвөн бярманг дуудан ирүүлжээ. Тэд тайлахдаа эхний зүүд бол хүү төрөх бөгөөд хаан ширээг залгамжилвал ертөнцийг эзэлсэн хаан болно. Хэрэв тойн хувраг болвол гэгээрэлд хүрсэн бурхны хутгийг олно. Хоёр дахь нь их рид хувилгааны хүч чадал ихтэйн шинж, гурав дахь нь лам хуврагуудад их гэгээрлийн ном зааж сургах, дөрөв дэх нь тэнгэр бурхан бүгд хүндэтгэн тахихын бэлгэ гэж шинжив. Хан хүүг эхийн хэвлийд орших үед газар хөдлөн, алтан өнгөт гэрэл зүг бүхнээ цацархуй амьтны зовлон амирлаж, долоо хоног хааны өргөөнд цэцэгс болон эрдэнэсийн хур бууж, тэнгэрийн яруу дуун эгшиг цуурайтаж байсан хэмээн сударт бичжээ. 

Махамаяа хатан Лүмбиний цэцэрлэгт хүрч ойгоор зугаалан явсаар, Балагша модны дэргэд хүрэхэд, мод мөчир юугаа бөхийлгөн хүндэтгэв. Хатан эх Балагша модны мөчрөөс баруун гараараа барин огторгуй өөд харан хан хүүг зовлон шаналал үгүй амар хялбар төрүүлвэй. Лагшин мэндэлмэгц ертөнцийг дүүргэх их гэрэл гарч, тэнгэр бурхдын уянга яруу эгшиг уянгалж, мод ургамал бүгдийн цэцэг үр жимс дэлгэрч, цэцэгийн хур буун, газар хөдөлж, аливаа амьтан бүгдийн сэтгэл ер бусын амгалан жаргалан хэмжээлшгүй цэнгэлээр дүүрч байваа. Лүмбиний цэцэрлэгт лянхуа цэцгийн хур буусанд, лянхуа цогцолсон мэт хэлбэртэй суварга барьж “Лагшин мэндэлсэн суварга” хэмээн нэрлэх болов. Яг тэр агшинд нэгэн зэрэг Энэтхэгийн дөрвөн өөр газрын хааны өргөөнд хан хөвгүүд мэндэлсэн ажуу, Тэд мөн адил эгэл хүнээс эрс ялгагдах онцлог гайхамшигтай шинж тэмдэг олныг үзүүлэн мэндэлсэн гэдэг домогтой. 

Хожим Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сар ном айлдаж, харьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэсэн гэдэг. Тийн нирвааны хутагт хүргэн, ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны эл өдөр 33 тэнгэрийн орноос эргэж, Замба тивд залран ирсэн түүхтэй.

Бурхан шашинтай оронд бурхан багшийн эхийн ачыг хариулсан их дүйчин өдрөөр бурханы номыг суралцахын зэрэгцээ хүмүүс жирийн өдрөөс илүүтэйгээр буяны үйлд шамддаг. Ингэхдээ бие, хэл, сэтгэл гурваараа муу үйлийг тэвчиж сайн үйл хийхийг зорьдог билээ.

Ингэхдээ бусадтай муудалцаж хэрэлдэхгүй, муу үг хэлэхгүй, хүн гомдоохгүй, сэтгэлдээ хар буруу санахгүй, биеэрээ муу үйл хийхгүй байхыг хичээн сүм хийдэд зул өргөх, маань хөгжөөх,  мөргөл үйлдэх, бурхан болоочдынхоо араас ерөөл авах гээд бүх буяны үйлийг хийж болдог.

Энэ өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэн бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, ач тустай гэж үзэх нь ч бий.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү