Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, хоёр санал хэлжээ


5 жил

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой асуудлаар тус бүлгийн гишүүдтэй санал солилцож, өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Үүний дараа гишүүд төсөв тойрсон асуудлаар ярилцаж, энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгээ хийхээр тохирчээ.

Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуудалд ийн хариуллаа.

-Ерөнхийлөгч ямар асуудлаар ярьсан бэ?

-Уул уурхай дагасан эдийн засгийн цикл байна. Эдийн засгийн бодит өсөлт төдийлэн сайн ирэхгүй байна. Тиймээс малын гаралтай түүхий эд, ноос ноолуурыг боловсруулах чиглэлд анхаарч, үүнд улсын төсвөөс хөрөнгө төсөв тавих. Хоёрдугаарт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаараач гэдэг санал хэлээд гарсан.

-Жирийн иргэдэд олдоггүй жижиг дунд үйлдвэрийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд авчихлаа. Энэ гишүүддээ хариуцлага тооцох талаар ярьсан уу?

-Бид энэ асуудлаар Ерөнхий сайдад хандсан. Энэ зээлийн асуудлыг шалгаад танилцуулах юм билээ. Үүний дараа ямар арга хэмжээ авах талаар ярилцана.

-ЖДҮ-ийн зээлтэй холбоотой дөрвөн гишүүний асуудал яригдсан. Ер нь хэчнээн гишүүн зээл аваад байгаа юм бэ?

-ЖДҮ-ийн сангаас хэдэн хүн зээл авсан талаар яригдаагүй. Сангийн яамнаас шалгалт орсны дараа бүх асуудал тодорхой болох байх. Байгаа бол баримттай нь бүгдийг гаргаж тавих ёстой. Ийм том асуудал яригдаад эхлэхээр үүнийг дагасан улс төр яригддаг.

-Эдийн засаг өсчихлөө гээд саарал ордон дотроо их сайхан зүйл яриад байх. Гэтэл ард иргэд даарч, өлсөж, ядарч байна шүү дээ..?

-Эдийн засгийн өсөлт гарч байгаа. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад амаргүй үеийг туулсан. Бид эдийн засгийн хамгийн хүнд үеэс гарчихаад байна. 500 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалын сан бий болгох төсөв батлах гэж байна. Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал хөгжлийн тушаа болж байна.

-Ирэх оны төсөвт гишүүн бүр тойрогтоо 5 тэрбум төгрөг хуваарилуулсан. Үүнийг танах бүрэн боломж байсан. Заавал ингэж мөнгө авах хэрэг байдаг юм уу?

-Гишүүн бүр таван тэрбум авчихлаа гэдэг. Ийм зүйл байхгүй. 76 жижиг тойргийн зовлон их байна. Тодорхой хэмжээний төсөв санхүү энэ тойргуудад тусгадаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү