У.Хүрэлсүх: Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх нь хөгжлийг дэмжих амин чухал асуудал


5 жил

Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш нарын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. 

Монголын багш нарын өдрийг тохиолдуулан соён гэгээрүүлэгч үе үеийн багш, эрдэмтэн мэргэд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж мэндчилэхийн ялдамд эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хийж буй Та бүхний ажил хөдөлмөрт тань амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх их үйлсийн түүчээ энэ цагийн эрхэм хүндтэй хүмүүс бол Монголын багш нар юм.

Багшийн эрдэм шавьд гэдэг. Улс эх орны хөгжил дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой иргэд билээ. Энэ ч утгаараа эрдмийн их өргөөний эзэд, буяны ундарга болсон багш нарын баяр бол нийт ард түмний баяр юм.

Улсаа хөгжүүлье гэвэл багшаа хөгжүүлэх, багш нараа дэмжих, боловсролын салбараа шинэчлэх нь зайлшгүй. Боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг гүнзгийрүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байгаа хэдий ч цаашид олон асуудлыг шийдвэрлэх шаардлага Та бидний өмнө тулгарч байна.

Багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, цаашлаад багшийн хөгжлийг дэмжих нь амин чухал асуудал гэж Засгийн газар үздэг. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар эдийн засгийн боломж нөхцөлдөө тааруулан хүчин чармайлт гарган ажиллаж байна. Түүнчлэн, сургалтын орчныг сайжруулах, анги дүүргэлтийг багасгах, хичээлийн ээлжийг цөөрүүлэх, суралцагчдын сургалтын чанарыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудалд ч анхаарах шаардлага байсаар байна. 

Багш хүн бол хүүхэд, залуучуудтай, тэдний оюун ухаантай ажилладаг давтагдашгүй онцлогтой мэргэжилтэн юм. Энэ ч утгаараа багш хүн улс орныхоо ирээдүйг жолоодох иргэдийг бэлтгэдэг өндөр хариуцлагатай, ёс зүйтэй, үлгэр дуурайл үзүүлэх нийгмийн манлайлагчид билээ.

Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжил эзэмшсэн хүмүүс бол та нар минь юм. Мянга мянган шавь нарынхаа буянаар хөгжил дэвшлийг бүтээгч нь та нар минь юм. Монголын багш нарын яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

Номын цагаан буян түгэн дэлгэрэг!

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү