Аугаа барилгууд; Бургхаузен цайз


6 жил

Бараг км гаруй урт энэхүү аварга том Баварийн бэхлэлт дундад зууны сүүл үеийн Европ цайзуудын хамгийн гоц жишээ юм.

Өмнө нь бэхжүүлсэн модон байшингууд байсан газар байгуулсан эл цайз дундад зууны үед, ялангуяа XIII-XV зууны үеийн Бавариа-Ландшутын хүчирхэг ноёдын үед хувиран дүрээ өөрчилжээ. Тэр цагийн дийлэнх цайз Гот хэв маягтай байдаг.

Бургхаузен цайз уртаа нарийхан мөрөг дээр хоёр талаасаа голоор хүрээлэгдэн оршдог юм. Цайз дотор цуварсан олон талбай бий агаад нэг гол цайз, таван талбайтай. Талбай бүр нь анхандаа бусдаасаа усан шуудуу, гүүр, төмөр сараалжаар тусгаарлагдаж байсан юм.

Burghausen

Тийм болохоор дайны үед цайзын бүр нөгөө талд байгаа хэрцогийн байрыг эзлэхийн тулд дайснууд талбай бүрийг ээлж дараалан эзлэх болдог байв. Харин энх цагт талбай бүр оноосон тусгай үүрэгтэй аж. Тухайлбал нэг нь адууны жүчээ болдог бол нөгөө нь хүнс тэжээлийн агуулах болдог. Ингэж зохион байгуулдаг байснаас цайзынхан өөрсдийгөө бүрэн хангаж чаддаг байсан агаад энэ нь дайсанд бүслэгдсэн үед амин чухал байлаа.

Өндөр чулуун хана, харуулын цамхагтай, эргэн тойрноо өлийн сүндэрлэсэн Бургхаузены зонхилох хэв маяг нь дундад зуунд өргөн дэлгэрсэн Гот юм. Ханын доод хэсгүүд нь нүсэр, асар зузаан, бараг цонхгүй агаад барилга чулуун суурин дээрээс дээш ургасан мэт харагдана. Олон зууны явцад зарим Гот шинж нь алдагдан дундад зууны жижиг цонхууд нь томсгогдсон ч цайзын гадна талын хүрээ нь бараг анхныхаараа үлдсэн ажээ.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү